“ITM M0NGOLIA-2025” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНЭ ЦЭНТЭЙ ҮЗЭСГЭЛЭН

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр Монголын Аялал Жуулчлалын Холбоо “Ай Ти Эм Монголия” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 26 дахь жилдээ “Мишээл Экспо” төвд 2025 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, хороод, хувийн хэвшлийн байгууллагууд, гадаад орны аялал жуулчлал, зочид буудал, амралтын газрын бизнес эрхлэгчид хуран цуглаж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, түншлэлийн гэрээ хэлцлийг бий болгох, бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэргээр бизнесийн боломжийг бүрдүүлдэг.

 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр зочлон, орон нутгийн болон олон улсын оролцогч байгууллагуудтай уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, шинэ чиг хандлагын талаар санал солилцлоо. Мөн 19 аймгийн орон нутаг хариуцсан мэргэжилтэн, албан хаагчидтай уулзаж, салбарын тулгамдсан асуудлын талаар ярилцан, цаашдын шийдэл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

 

 

Уг үзэсгэлэнг тухайн жилийн дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, зорилго чиглэлийг баримталсан уриа үгтэйгээр зохион байгуулдаг. Энэ жилийн уриа нь “ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ТӨВ АЗИ” байлаа. Үзэсгэлэнгээр дамжуулан аялал жуулчлалын эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, соёлын нөлөөлөл, байгаль хамгааллын ач холбогдлыг онцлон харуулахын зэрэгцээ хойч үеийн тогтвортой аялал жуулчлалын салбарыг бий болгохын чухал үзэл санааг түгээдэг уламжлалтай.

Үзэсгэлэнд нийт 19 аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын төлөөлөл, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч байгууллагууд болон 300 гаруй аж ахуйн нэгж оролцлоо. Тус үзэсгэлэнгийн нийт талбай 10,000 м² бөгөөд гадаад, дотоодын оролцогчид хамтран бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээлэл, бизнес уулзалт, сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэв.