Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сэтгүүлчидтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сэтгүүлчидтэй уулзаав

Уулзалтын эхэнд тэрбээр ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дурдаж, хуульд заасны дагуу тухайн үед сэтгүүлчидтэй уулзах боломж хязгаарлагддаг тул энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байгааг онцолсон юм.Ерөнхийлөгч хэлэхдээ, сүүлийн жилүүдэд дэлхий нийт геополитик, геостратегийн хувьд тогтворгүй, зөрчил мөргөлдөөн нэмэгдсэн нөхцөлд оршиж байгааг дурдсан. Ийм нөхцөлд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг хариуцлага улам нэмэгдэж буйг онцолж, “сэтгүүлчид үндэсний аюулгүй байдал, нийгмийн эв нэгдлийг сахин хамгаалахад онцгой үүрэгтэй” гэдгийг тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тухай хуулийн санаачилгын талаар асуулт тавьж, энэ нь парламентын тогтвортой байдалд нөлөөлөх эсэхийг тодрууллаа.
Хариуд нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд ёс зүй, сахилга хариуцлагыг чанд мөрдөх шаардлагатайг онцолж, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх нь чухал байгааг дурдав. Мөн сүүлийн жилүүдэд зарим гишүүд хууль бус асуудалд холбогдох, эсвэл баталгаагүй мэдээллээр бие биенээ буруутгах явдал нэмэгдсэн нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж буйг хэллээ.
Тэрбээр, улс төрийн маргаан нь зөвхөн хувь хүмүүсийн зөрчил мэт харагдавч цаашлаад иргэдийг талцуулах, улмаар нийгмийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулсан юм.
Иймд “халдашгүй дархан байдал”-ыг буруугаар ашиглаж буй гишүүдэд хариуцлага тооцох, шаардлагатай тохиолдолд эргүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь парламентын хариуцлага, тогтвортой байдлыг хангахад чиглэнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Д.Гэрэлхүү