Монгол Улс болон БНХАУ-ын хилийн боомтын захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг 2026 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллуулахаар боллоо.
Тус шийдвэр нь 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Бугат хотод зохион байгуулагдсан Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боомтын захиргааны алба хоорондын ажлын хэсгийн хуралдааны үр дүн бөгөөд талууд боомтын ачаа тээврийн хэсгийг цаг сунган ажиллуулсан өмнөх туршилтын үр дүнг харгалзан, улирлын ялгамжтай зохицуулалт хийхээр харилцан тохиролцсон байна.
Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг 2026 оны тавдугаар сарын 01-нээс есдүгээр сарын 30 хүртэл уртасгасан цагаар буюу 08:00 – 21:00 цаг хүртэл ажиллана
Хоёр улсын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын хүрээнд хийгдсэн энэхүү зохицуулалт нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, худалдаа, тээврийн салбарын үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм.