Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-23-ны хооронд Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилсан. Энэ нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жил, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 20 жилийн дараа хийсэн айлчлал байлаа.
Айлчлалын онцлох үр дүнгээс:
• Харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
• Худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтран ажиллах 18 баримт бичигт гарын үсэг зурлаа.
• “Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан замын зураглал боловсруулахаар болов.
• Харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцов.
• Зугаадугаар сараас Казахстаны “Скат” агаарын тээврийн компани Улаанбаатар–Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ.
• Баян-Өлгий–Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцов.

• Зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан ажлын хэсэг байгуулна.
• Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
• Монголоос ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.
• Хархорум хот, Налайх дүүрэг болон Казахстаны Алатау, Талдыкорган хотуудын хооронд ах дүүгийн харилцаа тогтоолоо.
• Монгол, казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.
• Монгол оюутан, залуусыг Казахстаны их, дээд сургуулиудад суралцахыг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсад Казахстаны их сургуулийн салбар нээх санал тавилаа.
• Түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт, дурсгалыг хамтран судалж, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийнэ.
• “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болон Казахстаны “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө үргэлжлүүлэн оролцуулна.
• Бизнес форумын үеэр 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл байгууллаа.
• Үндэсний урлагийн их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулав.
• “Монголын сайхан орон” гэрэл зураг болон морин хуурын үзэсгэлэн гаргалаа.
• 8 дугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хуралд Казахстаны талыг оролцохыг урив.
• “Усны олон улсын байгууллага” байгуулах тухай Казахстаны санаачилгыг Монгол Улс дэмжинэ.
• “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн санаачилсан “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
• Ерөнхийлөгч Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцож, энэ чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
• Төв Азийн орнуудын “С5+1” форматыг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулна.
• Казахстан Улс Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг бүх талаар дэмжинэ.
• НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлнэ.