Филиппинд хүчтэй газар хөдөлж, цунами болох эрсдэл үүсчээ

Филиппиний өмнөд хэсэгт хүчтэй газар хөдөлсний дараа бүс нутгийн зарим эрэг орчимд цунами үүсэж болзошгүйг анхаарууллаа.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт Минданао арал орчимд 7.8 магнитудын хүчтэй болсон бөгөөд голомт нь Женерал Сантос хотын ойролцоо, 10 км орчим гүнд байжээ. Үүний дараа зарим бүсэд цахилгаан тасарч, далайн эргийн оршин суугчдыг өндөрлөг газар руу шилжихийг уриалсан байна.

Номхон далайн цунамигийн анхааруулах төвөөс Филиппиний зарим эрэгт 3 метр хүртэл, Индонез болон Малайзын зарим эрэгт 1 метр хүртэл давалгаа үүсэж болзошгүйг мэдээлжээ. Мөн Тайвань, Япон, Гуам, Папуа Шинэ Гвиней зэрэг бүсэд бага хэмжээний цунамигийн давалгаа ажиглагдаж болзошгүй гэж анхааруулсан байна.