“Sweetmotion” хамтлагийнхан сүүлийн хэдэн жил уран бүтээсээ илүү тус тусынхаа хувийн амьдралаа хөөгөөд байгаа. Бүгд хань ижил үр хүүхэдтэй болсон.
Тэгвэл тус хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа хэдийнэ хоёр хүүхдийн ээж болжээ. Тэрээр “Бидний үргэлжлэл болсон үр хүүхэдтэй байна гэдэг үнэхээр аз жаргал.
Гэхдээ хүүхдээ зөв хүмүүжүүлнэ гэдэг бол асар их ухаан тэвчээр зарсан ажил юм байна гэдгийг ойлгож хичээж амьдарч байна даа. Бидний бага байх үед аав ээжийн үгэнд орохгүй бол алган боовны амт авдаг л байлаа.
Гэхдээ одооны энэ нийгэм бидний үеийнхээс өөр болж хувьсан өөрчлөгдөж байна. Одоо хүүхдүүдээ загнаж зодож хэлэх биш, тайлбарлаж учрыг нь маш сайн ойлгуулж байвал хүүхдүүд маань бүгдийг ойлгохоор IQ тай болсон байна шүү
Хүүхдэд хүч хэрэглэн аливаа зүйлийг ойлгуулах нь эргээд тэднийгээ өөртөө итгэх итгэлгүй, ноомой, сул дорой болгодог юм шиг анзаарагдсан.
Тэгэхээр бид хүүхдүүдийнхээ дотны найз нь байж аль болохоор хүүхдүүдээ ээж ааваасаа юу ч нуулгүй бүх юмаа ярьдаг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй гэж бодогддог юм.
Манай гэр бүлийн хувьд нөхөр бид 2 бүр болохгүй бол эгчид нь сайн ойлгуулаад, эгчээр нь дамжуулж дүүд нь ойлгуулах аргаар бас үзнэ. Заримдаа хүүхдүүд эгч ахынхаа үгийг илүү сонсож хэрэгжүүлдэг юм байна лээ.
Тэгэхээр айлийн ууган хүүхдээ зөв чиг хандлагатай болгож хүмүүжүүлбэл дүү нартаа үлгэр дууриалал болдог юм байна лээ шүү” хэмээн залуу аав ээж нарт зөвлөжээ.