Сүхбаатар аймагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын иргэдийн эрхэнд халдсан хэрэгт Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг 30 хоног цагдан хорьсон билээ. Шүүхээс тэднийг хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, оргон зайлах, хэргийн нотлох баримтыг устгах, мөн гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдэх эрсдэлтэй гэх үндэслэлээр цагдан хорьсон билээ.
Улмаар прокуророос Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд энэ оны 9-р сарын 9-нд тэдний цагдан хорих хугацааг сунгах тухай саналыг шүүхэд хүргүүлж, дээрх нэр бүхий хүмүүсийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дахин 30 хоногоор сунгасныг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл шүүхийн эл шийдвэрийг үндэслэж дээрх иргэд Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг маргааш буюу есдүгээр сарын 18-нд Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэлэлцэхээр товложээ.