Дуучин Ц.Ариунгоо гэх бүсгүй 2026 оны 10-р сарын 29-ний 18.40 цагийн үед Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Еmerald” хотхоноос гараад сураггүй болжээ. Түүнийг цагдаа нар болон гэр бүлийнхэн нь эрэн хайсаар байна.
Түүний төрсөн эгч Ц.Ариунсайхан эрэн хайх ажиллаганааы талаар өчигдөр дараах мэдээллийг өглөө.
Мэдээлэлд, Дүү минь 10 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болсон. Бид 10 дугаар сарын 30-ны өдөр цагдаад мэдэгдсэн. Эрэн хайх ажиллагаа БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэст 11 дүгээр сарын 5-ны өдөр албан ёсоор эхэлсэн.
Үүнээс хойш хийсэн, бидний мэдэж байгаа (бидэнд мэдэгдэхгүй хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Жишээ нь гар утас шалгах гэх мэт) ажлуудыг дурдвал:
1. Ар гэр, найз нөхөд, ажлын хамт олон, цагдаагийн алба хаагчид нийлсэн 50 гаруй хүн БЗД-ийн 26, 36-р хорооны бүх орон сууц, гараж, баригдаж байгаа барилга гэх мэт газруудаар явж хайсан.
2. Явсан зам дагуух ААН, албан байгууллагуудын камеруудыг шүүсэн (Хамгийн сүүлд үзэгдсэн камерын бичлэг дээр очоод зогссон ба үүнээс хойш явган хүний зам дагасан камер байхгүй тул тасарсан).
3. Буцаад явсан байж болзошгүй гээд буцаж болох зам дагуух камеруудыг ахин шүүсэн.
4. Хамгийн сүүлд үзэгдсэн камераас дараагийн камер хүртэлх зайд цагдаа, онцгой байдлын баг үнэрч нохойтой самналт хийсэн, ОБЕГ-ын нэг дрон нисгэсэн.
5. 11 дүгээр сарын 7-ны өдөр НЦГ-аас 150 орчим хүнээр хүч нэмэгдүүлж, самналт хийсэн газрын радиусыг тэлж, мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулж ахин самналт хийсэн.
6. Бидний зүгээс хувь хүмүүсийн хүчин чадал сайтай 10 дрон хөлсөлж, самналт хийсэн бүх хэсэгт ахин дрон нисгэж, мэдээллийг цагдаа нарт хүргэсэн.
7. Мөн бид сайн гэсэн лам, бөө, үзмэрчдээр мэргэлүүлж, хэлсэн зүг чигт өөрсдийн хүчээр хайсаар байгаа ба хамгийн олон удаа давтагдаж байгаа мэдээллийг нэгтгэн цагдаа нарт өгсөн. Одоогоор ямар нэгэн сэжүүр гараагүй байна.
Иймээс Миний дүүг харсан үзсэн хүн байвал доорх дугааруудаар бидэнтэй холбогдож туслахыг хүсье.
Холбоо барих утас 88651590, 88883005, 89973970, 99982038 гэжээ.