Улс тунхагласны 102 жилийн ойн барилдаанд Улсын заан Д.Алтанцоож долоо даван түрүүллээ

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан болж өндөрлөлөө.

Барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, шинээр Улсын заан цол хүртсэн Д.Алтанцоож нар үзүүр түрүү булаалдаж, Д.Алтанцоож заан долоо даван түрүүллээ. Ийнхүү тэрбээр Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны ойн барилдаанд анх удаа түрүүлж буй.

Хоёр бөх хоёул Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөгөөд улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд нэг сумын хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн нь анхны тохиолдол ажээ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум Улс тунхагласны ойн барилдаанаас долоо дахь түрүүгээ хүртлээ. Үүний өмнө Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зургаан удаа түрүүлж байжээ.

Барилдааны үзүүр бөх Э.Оюунболд арслан Улс тунхагласны ойн барилдаанд зургаан удаа барилдсанаас 2018 онд шөвгөрч байсан юм.

Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн харьяат Улсын арслан Б.Бат-Өлзий, Улсын аварга О.Хангай нар үлдлээ.

Өнгөрсөн жил Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын аварга П.Бүрэнтөгс үзүүрлэж, их шөвөгт аймгийн арслан У.Батцоож, Д.Батбаяр нар үлдсэн юм. Өмнө жилийн түрүү бөх С.Сүхбат тавын даваанд Улсын аварга О.Хангайд өвдөг шороодлоо.

Бүгд найрамдах улсаа тунхагласны 102 жилийн ойн барилдааны Хамгийн уран барилдаантай бөхийн шагналыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн арслан М.Гантулга хүртлээ.