ДЭМБ-аас вирусийн халдвараар өвчилж, амьсгалын хурц дутагдалд орсон өвчтөнүүдэд уушиг орлуулах буюу цусны эргэлтэд дэмжлэг үзүүлэх EXTRACORPOREAL MEMBRANE OXYGENATION/ECMO/ төхөөрөмжийг хэрэглэхийг зөвлөсөөр байна.
Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарт уг төхөөрөмж байхгүй. Дэлхий нийтэд шинэ коронавирусний халдвар дэгдэж байгаа цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж, ECMO төхөөрөмжийг авах зайлшгүй шаардлага үүсээд байна.
Иймд төхөөрөмжийн үндсэн үнэ 350 сая төгрөг, 10 хүний стандарт эмчилгээ хийхэд шаардагдах нэг удаагийн дагалдах хэрэгслүүдийн өртөг болох 370 сая төгрөг/нэг хүнд шаардагдах хэрэгслийн өртөг 37 сая төгрөг/ нийт 720 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байв. Энэ саналаа ЭМЯ-аас УОК-т гаргасны дагуу өнөөдөр дэмжин шийдвэрлэлээ. Ингээд төхөөрөмж болон эмчилгээний дагалдах хэрэгслийн багцыг худалдан авахад шаардагдах 720 сая төгрөгийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас Засгийн газар, УОК-ын үйл ажиллагааг дэмжин төвлөрүүлсэн хандивын мөнгөнөөс худалдан авахаар боллоо.
ECMO төхөөрөмжийг өдгөө Герман, Япон, Итали улсуудад үйлдвэрлэдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.