ЭМЯ: Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүн коронавирусийн халдвартай нь батлагдсан

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.03.21/ ээлжит мэдээлэл хийж байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажиглалтаас гарсан иргэдийг гэрт нь дахин 14 хоног тусгаарлах журам гаргаж, холбогдох байгууллагуудад хүргэжээ. ДЭМБ-аас гаргасан сүүлийн мэдээллээр дэлхийн 177 улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж,  нас баралт анх удаа хоногт 1000 давж, халдварын тархалт дэлхийн 90 орчим хувийг хамарчээ. Италид хоногт 5322 тохиолдол бүртгэгдэж, өвчлөлөөр БНХАУ-аас давжээ. Тус улсад нас баралт 8.3 хувьтай байна. Дэгдэлт эхэлснээс хойш БНХАУ-д хоёр хоногт өвчлөл бүртгэгдээгүй байна.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-ХӨСҮТ-д 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүнд шинжилгээ хийж шинээр дөрвөн тохиолдол коронавирусийн халдвартай нь батлагдсан. Шинжилгээний хариу эерэг гарсан хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүн байна.  Ингэснээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан 10 тохиолдол илэрлээ. Дорноговь аймагт 58 хүний шинжилгээ сөрөг гарсан. Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр мөн нэг сэжигтэй тохиолдол гарч тугсаарлагдаж байна.

НИЙТ 1693 ХҮН ТУСГААРЛАГДАЖ БАЙНА
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:
-Өнөөдрийн байдлаар 3025 иргэнийг тусгаарлажээ. Одоогоор 1963 иргэн ажиглалтад байна. Баян-Өлгий, Сэлэнгэ, Дарханы боомтуудаар ОХУ, Казахстанаас иргэд ирж байна. УОК-ын өчигдрийн хуралдаанаар холбогдох саналуудаа шийдвэрлүүлж, тусгаарлах байруудыг нэмэгдүүлэхээр болов. Мөн тусгаарлалтаас гарч буй иргэдийг үргэлжлүүлэн 14 хоног гэрт нь тусгаарлах шаардлага гарч байна. Орчны бохирдол нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед халдваргүйжүүлэл хийх шаардлагатай. Мөн Тусгай үүргийн онгоцоор ирж буй эм эмнэлгүүдийн хэрэгслийг татан авах ажиллагаа үргэлжилж байна. УИХ, төрийн байгууллагуудад олон нийтийг цуглуулсан хурал зөвлөгөөн хийхгүй цахимаар зохион байгуулах зөвлөмж хүргүүлж байна. Амны хаалтаа зүүхгүй явахад халдварын нууц үеийн тээгч болох магадлалтай гэдгийг анхааруулав. Өвчний тархалтыг үл хайхрах нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх өндөр магадлалтай гэдгийг Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүллээ. Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш ЭМЯ-наас хамгаалах сэргийлэх үндсэн хоёр чиглэлээр стратеги барьж ажиллаж байна. Хэрэв иргэд анхаарлаа сулруулах төдийд өвчлөл дэгдэх өндөр магадлалтай гэдгийг санууллаа.