Дэлтэй ажнай тоосонд нулимстай
Дээлтэй түмний эрхэмсэг заяатай
Эрийн хийморь тэнгэрлэг хүмүүн Та
Эрхмийн дээд сайхан аав минь …
… хэмээн ур шаглан дуулах залуу дуучин Сосорбарамын Рэгмааванчиг өдгөө СУИС-ийн мэргэжлийн дуурийн дуулаачийн ангийн оюутан. Тэрээр анхны энэхүү бүтээлээрээ хөгжмийн зохиолчдын ”Морин Хуур” наадмын шалгаруулалтад амжилттай оролцож, мэргэжлийн хүмүүсийн анхааралд хэдийнээ орсон.
Түүний анхны уран бүтээлийн шүлгийг нь нутгийн хуурай ах нь болох сэтгүүлч, ХМТА Санжаадоржийн Батгүр, мөн нутгийн хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш СТА Цэвээннамжилын Эрдэнэ нар ая тан хөглөж уран бүтээлийнх нь харгуй замд нь сүүтэй ерөөл өргөжээ.
Харин тус бүтээлийг дүрсжүүлэхэд “Манжуурын Аялал” компанийн захирал Э. Хишигбаяр сэтгэлээ дэвсэн дэмжиж, мэргэжлийн уран бүтээлчдийн С. Чулуунтогтох захиралтай “ПроСтар” студи клипийг бүтээжээ. Хамгийн сонирхолтой нь тус уран бүтээлийг дэмжиж оролцсон бүх хүмүүс нь үзэсгэлэнт Архангай нутгийнхан ажээ.