Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татах асуудлыг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Тэгвэл өнгөрсөн Баасан гаригт /2021.03.12/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзсэн ч энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн долоо хоногт албан бичиг хүргүүлсэн билээ.

Ерөнхийлөгчийн албан бичигт ” Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй. “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй. Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улс төржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй юм” гэж үзээд Ерөнхийлөгч Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг хөндсөн.