ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүгийн хууль бусаар ажлаас халагдсан гэх гомдлын шүүх хурал хойшилжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн  захирал асан  Д.Нямхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд  ажлаас хууль бусаар чөлөөлөгдлөө, эргүүлэн томилуулуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гаргасан. Тэгвэл тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2021.05.27/  Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийн шүүх хурлыг хэлэлцжээ. Улмаар  хариуцагч талаас шинэ төлөөлөгч нэмж томилсон, хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргасан учраас  шүүх хурлыг  зургадугаар сарын 11-ний өдрийн 11.00 цаг хүртэл хойшуулах шийдвэр гаргасан байна.

Түүнийг нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, дөнгөж төрсөн эмэгтэйг таавчигтай, нүцгэн ХӨСҮТ-рүү тээвэрлэсэн гэх хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэх зөрчил ЭРүүл мэндийн сайд асанТ.Мөнхсайхан, ХӨСҮТ-ын дарга асан Д.Нямхүү хоёрын дунд үүсч улмаар зөрчил гүнзгийрч Эрүүл мэндийн сайд түүнийг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж, Засгийн газарч огцорсон.

Д.Нямхүүгийн хувьд ХӨСҮТ-д 1997 оноос эхлэн ажиллажээ. 2007 онд сонгон шалгаруулалтад нь тэнцээд тус төвийн захирлаар томилогдсон бөгөөд  өнгөрсөн хугацаанд  дөрвөн  удаа албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гарч байжээ.  ХӨСҮТ-ийн даргаар өдгөө Л.Баттөр ажиллаж байна. Д.Нямхүү ХӨСҮТ-д ажиллаж байхдаа эмнэлгээ засаж сайжруулахад анхаараагүй гэж иргэдийн зүгээс шүүмжлэл гаргадаг билээ. Мөн түүнийг АТГ-т шалгаж буй гэх мэдээлэл ч бий.