Монголын хөлбөмбөгийн холбооны 10 дахь удаагийн ээлжит Их хурал цар тахлын улмаас анх удаа цахим хэлбэрээр боллоо.
МХБХ-ны дүрмийн дагуу Ерөнхийлөгч А.Ганбаатар даргалан явуулсан байна. Хурлаар Их хурлаас их хурлын хоорондох МХБХ-ны Ерөнхийлөгчийн ажлын тайлан, 2020 оны санхүүгийн тайлан, хөндлөнгийн Аудитын тайланг хэлэлцэн баталлаа.
Мөн МХБХ-ны 2020-2028 онд хэрэгжүүлэх “Урт хугацааны стратеги хөтөлбөр”-ийг зорилт бүрт хэрэгжүүлэхэд шаардлагатай 2022 оны төсвийг баталсан байна.
МХБХ гишүүн байгууллагуудаа дэмжих, харилцах гүүр бүхий менежментийн хэлтсийг 2020 онд байгуулсан. Уг хэлтсийн хийсэн ажлуудын тайлантай танилцаж, гишүүн байгууллагууд болох орон нутгийн хөл бөмбөгийн холбоод, клубууд дүрмийн дагуу хэрхэн ажиллах талаар мэдээллээ авлаа.
Түүнчлэн ирэх аравдугаар сарын 7-ны өдрийн Их хурлаар сонгогдсон МХБХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн тайланг гишүүддээ танилцуулсан байна. Түүнчлэн МХБХ санхүүгийн хувьд шилэн данстай гэдгээ харуулж, ирэх таван жилд ажиллах хөндлөнгийн аудитын байгууллага, сонгуулийн хороогоо сонголоо.
Монголын шигшээ баг ДАШТ-ий хоёрдугаар урьдчилсан шатанд шалгарсан түүхэн амжилтаа нэр төртэй өндөрлүүлснийг уг хурлаар онцоллоо. Ингэхдээ шигшээ багийн 100 дахь гоолыг цохон тэмдэглэсэн юм.
Зөвлөлийн хурлаар батлагдсан Монголын хөлбөмбөгийн бэлтгэлийн төвийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Сандагдоржийн нэрэмжит болгох саналыг гишүүдийн 100 хувийн саналаар баталгаажууллаа.
Түүнчлэн Монголын нэрийг, хөлбөмбөгийн чанар чансааг Азийн клубуудын тавцанд харуулах “Атлетик-220” клубт удахгүй болох тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөв.
Цагийн нөхцөл байдлаас үүдэн цахим хэлбэрээр явагдсан МХБХ-ны 10 дахь Их хуралд АХБХ, ОУХБХ-оос төлөөллүүд ч оролцсон байна.