Шүүхээс 13 хүний эцэг, эх байх эрхийг нь хасчээ

2021 он гарсаар шүүхээс 13 хүний эцэг, эх байх эрхийг нь хасч шийдвэрлэсэн байна.  Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Өмнөх онд эцэг, эх байх эрхийг нь хассан зургаан хэргийг шүүх шийдвэрлэсэн байна. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд:

30 дугаар зүйл. Эцэг, эх байх эрх хасах

30.1.Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.

30.2.Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

30.3. Эцэг, эх байх эрх хассан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор шүүх улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулна.