Цэргийн нисэх онгоцноос АНУ-ын хууль тогтоогчдыг буулгаж буй дүрс бичлэгийг хэвлэлүүд гаргасан байна. Гэхдээ хууль тогтоогчдын нэрс болон айлчлалын зорилго одоогоор тодорхойгүй байна. Тайванийн Гадаад харилцааны яам Тайпэй дэх Америкийн хүрээлэн төлөөлөгчдийг хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээлжээ. Гэхдээ энэхүү айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Айлчлалын зорилготой холбоотой мэдээллийг дараа өгөх боломжтой гэж мэдэгджээ.
АНУ болон Тайвань дипломат харилцаагүй учраас Америкийн өндөр албан тушаалтан цэргийн онгоцоор Тайваньд очих нь ховор байдаг аж. Энэ айлчлалтай холбогдуулж Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч зэмлэн буруутгасан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Тайвань бол БНХАУ-ын газар нутгийн салшгүй нэг хэсэг. АНУ-ын талаас гаргаж байгаа энэ үйлдэл Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг төдийгүй Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдалд ноцтойгоор халдаж, Тайванийн хоолойн энх тайван тогтвортой байдалд заналхийлж байгаа алхам юм” гэсэн байна. Мөн Хятадын армийн Зүүн бүсийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Тайванийн хоолойн чиглэлд байлдааны бэлэн байдлын эргүүл гаргасан тухайгаа мягмар гарагт мэдээлжээ.