Австри улс хязгаарлалтын дэглэмээ сулруулж эхэллээ

Австри улсад коронавирусний халдвар нэмэгдэж байгаагаас үүдэн хатуу хязгаарлалтыг тогтоогоод байсан. Тэгвэл цар тахалтай тэмцэх хатуу журам тогтоосноос хойш гурван долоо хоногийн дараа улс даяар вакцинд бүрэн хамрагдсан иргэдийн хязгаарлалтыг зогсоогоод байна.

Австри улсын бүс нутгаас хамаарч хязгаарлалтын журмууд өөр өөр үйлчилдэг байна. Уг онцлогоос хамаарч тус улсын зарим хотуудад ням гарагаас эхлэн театр, музей болон бусад соёл, зугаа цэнгэлийн газруудыг дахин нээхийг зөвшөөрчээ. Мөн даваа гарагаас эхлэн дэлгүүрүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхлээд байна. Нийтийн тээвэр, дэлгүүр зэрэг олон нийтийн газар дотор үйлчлүүлэхдээ амны хаалтыг хэрэглэх шаардлагатай хэвээр байх болно. Мөн олон нийтийн газраар үйлчлүүлэх цагийг оройн 23 цагаар хязгаарласан аж.

Харин вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд эмчид үзүүлэх, хүнсээ цуглуулахаас бусад тохиолдолд хязгаарлалтын арга хэмжээ хэвийн үргэлжлэх юм. Австри улсад тогтоосон гурван долоо хоногийн хязгаарлалтын үр дүнд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол оргил үеийнхээс 75 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж Ройтерс агентлагийн шинжээчид мэдээлсэн байна. Одоогийн байдлаар тус улсын нийт хүн амын 69 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдаад байгаа юм.