Казакстанд нөхцөл байдал хурцдаж байна

Энэ оны эхний өдөр Казакстанд шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн иргэд бослого гаргаж Засгийн газраа огцруулсан. Гэвч бослого одоо болтол үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй хүн бэртсэн гэх мэдээлэл байна.

Эмх замбараагүй байдлын үеэр Казахстанд 2298 хүн саатуулагдсан бол мянга гаруй эсэргүүцэгч гэмтэж бэртсэн байна. Харин эсэргүүцэгчид болон энгийн иргэд дундаас хичнээн хүн амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев стратегийн ач холбогдолтой байгууламжуудаа “гадаадад бэлтгэгдсэн террористууд”-aaс хамгаалах зорилгоор Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж хүссэн юм.

ОХУ тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээт орнуудаас цэрэг ирэх сургаар нөхцөл байдал улам хүндэрч буй аж. Нийт 3600 холбооны цэрэг Казахстанд ирэх албан бус мэдээлэл байгаа гэж “CNN” мэдээлсэн бол Москвагийн ойролцоох Чкаловскийн агаарын баазаас десантын цэргүүдийг суулгасан Илюшин II-76 ачаа тээврийн нисэх онгоц хөөрч байгааг харуулсан дүрс бичлэгийг ОХУ-ын батлан хамгаалах яамны Звезда телевизийн суваг үзүүлсэн.