Харцага цолны хүндэтгэлийн барилдаан энэ ням гарагт болно

“Жем интернэшнл” группийн нэрэмжит Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс айгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан энэ сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг өнөөдөр, маргааш 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүргэж байгаа аж.

Сонирхуулахад, дээрх барилдааныг жил бүрийн цагаан сарын өмнө зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд хамгийн анх 2006 онд болж байв.

Тэр жил Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг түрүүлж, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэж байлаа.