УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн ТАЙЛБАР

МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн 18-нд хуралдаж  УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир, Д.Хаянххярваа, Б.Ундармаа, Б.Батзориг нарыг намаасаа хасах шийдвэрийг гаргасан билээ.

Харин эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас зээл авсан гэх УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, УИХ-ын гишүн асан М.Билэгт, А.Сүхбат,  Барилга хот байгуулалтын яамны дэд сайд асан Ш.Лхамсүрэн,  НИТХ төлөөлөгч  Ш.Үнэнбат нарын найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардаж, үүрэг өгсөн.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан М.Билэгт МАН-ын Хяналтын хороондоо дараах тайлбарыг хүргүүлсэн байна.  “Миний үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг “Ачлал трейд” ХХК нь 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн “300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах” төслийн нэмэлт санхүүжилтэд Хөгжлийн банкнаас 15.0 сая ам.долларын зээлийг 5 жилийн хугацаатай авсан боловч 2018 он, 2019 онуудад төслийн хэрэгжүүлэлт амжилттай явж байгаад 2020 он, 2021 онд “Ковид-19” цар тахлын улмаас төслийн хүрээнд хийгдэх БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ын явц ЗОГССОН учраас зээлийн эргэн төлөлтөд 2020 оны 3-р сараас эрсдэл үүссэн. 2018 он, 2019 онд Хөгжлийн банк руу зээлийн хүүний зардлыг графикийн дагуу цаг хугацаанд нь 2.4 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 6.9 тэрбум төгрөг төлсөн” гэдгийг тайлбартаа дурджээ.

Мөн тайлбартаа “Ачлал трейд” ХХК Хөгжлийн банкнаас зээл авахад ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй гэдгээ М.Билэгт мэдэгджээ.

Бусад хүмүүс нь тайлбараа намынхаа Хяналтын хороонд хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.  Тэдний Хөгжлийн банкнаас хичнээн төгрөгийн зээл авсан талаарх мэдээллийг хүргэж байна.