Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр дөнгөж сая гарсан байна. Түүнийг хорих саналыг прокуророос удаа дараа тавьсан бөгөөд тэрээр уг асуудлыг хэлэлцэх хурлын үеэр шүүгчээс татгалзан шүүх хурлыг удаа дараа хойшлуулсан. Тодруулбал тэрээр гурван удаа шүүгчээс татгалзсан боловч өнөөдөр түүний татгалзах саналыг хүлээж авахгүйгээр нэг сар хорих шийдвэрийг гаргажээ.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Мөнхбатад “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” санал ирүүлснийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд яллагдагч Н.Мөнхбатыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” үндэслэлээр хорих хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэжээ.
Д.Гэрэлээ