Т.Бадрахбаяр: Хүсэлт гаргаагүй 200 мянга орчим хүүхдийн мөнгийг шилжүүлсэн

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын, Нийгмийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр энэ оны нэг болон хоёрдугаар сарын хүсэлтээ ирүүлээгүй 200 мянга гаруй хүүхдийн мөнгөн хуримтлалыг өнөөдөр шилжүүлсэн талаар мэдээлэв.

Тэрбээр “Хүүхдийн мөнгийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн Сангийн яамны санхүүжилттэйгээр “Хүүхдийн мөнгөн хуримтлал” нэртэйгээр олгохоор журам шинэчлэгдсэн. Энэ дагуу энэ оны 1-6 дугаар сар хүртэл “Хүүхдийн мөнгөн хуримтлал”-ыг www.Ebarimt.mn болон www.Ehalamj mn гэсэн цахим хаягаар хүсэлтээ илгээж, 100 хувь мөнгөн хэлбэрээр авах боломжтой юм. Долдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл 50 хувь мөнгөн хэлбэрээр, 50 хувь хуримтлал үүсээд явахаар төлөвлөгдсөн. Хэрэв хүсэлт илгээхдээ нэг сарыг сонгосон бол дээр дурдсан цахим хаягаар нэвтрэн орж шинэчлэх боломжтой. Мөн тухайн хороо, дүүргийн мэргэжилтэнтэй уулзаж засч болно. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авахдаа хүсэлт гаргана” гэв.