О.Амгаланбаатар: Сонгон шалгаруулалтгүй томилогдсон хүмүүсийн тал нь аймагт хамааралгүй босоо тогтолцоотой газрын хүмүүс

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн онд 11 аймагт шалгалт хийсэн. Шалгалтын явцад  Говь-Алтайгаас хамгийн их  буюу 122 зөрчил илэрсэн гэх мэдээллийг өчигдөр/2022.03.03/ өгсөн юм. Бид энэ талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай холбогдож дараах тодруулгыг авлаа.

-ТАЗ-өөс 10 гаруй аймагт төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд шалгалт хийхэд танай аймаг хамгийн их буюу 122 зөрчил илэрсэн гэх мэдээлэл өгсөн. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс таньтай холбогдож байна?

-Миний хувьд 5 хүн л томилдог. Сонгон шалгаруулалт хүлээгээд л байж байна. Манай аймгийн ТАЗ-ийн салбар зөвлөлийн орон тооны гишүүн нь УИХ-ын сонгуулийн дараа ТАЗ-ийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаа.  Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс орны хүнийг нь өнөөдрийг болтол томилоогүй байна. Гэсэн ч бид төрийн ажлыг цалгардуулахгүй байх үүднээс  сул орон тооны захиалгаа ТАЗ-д өгчихсөн.

Наад 100 хэдэн хүн гээд яриад байгаагийн  тал нь аймагтай ямар ч хамааралгүй босоо томилгоотой газруудын хүмүүс байгаа. Татвар, Нийгмийн даатгал гэх мэт. Мөн сум болгоны халамж, татварын байцаагч нарыг бид томилдоггүй.

Цар тахалтай холбоотой төрийн албаны сонгон шалгаруулалт түр завсарласан. Үүнтэй холбоотой манай аймагт хамааралгүй босоо тогтолцоотой газрууд ч гэсэн өөрийн ажлыг цалгардуулахгүй явуулахын тулд түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулж байгаа тохиолдол байна.

Ер нь төрийн албаны зөвлөл мэдээлэл хийхдээ дандаа АН дийлэнх олонх болсон аймгуудыг дурьдаад байх юм. Гэтэл үүний цаана тухайн аймагт огт хамааралгүй босоо тогтолцоотой газруудын хүмүүс дийлэнхийг нь эзлээд байдаг. Үүнийг ТАЗ мэдсээр байж аймагтаа хамааруулж яриад байгаа нь улс төрийн зорилготой гэж харж байна.

-Тэгэхээр танай аймагт Төрийн албаны зөвлөлөөс томилогддог салбар зөвлөлийн гишүүний орон тоо сонгуулиас хойш сул байгаа гэсэн үг үү?

-УИХ-ын сонгуулийн дараа манай аймгийн Тамгын газрын дарга н.Бат-Эрдэнэ ТАЗ-ийн хэлтсийн даргаар очсон. Тэр хүн уг нь манай аймгийн төрийн албаны сонгон шалгаруулалтыг хийдэг орон тооны гишүүн байсан юм. Гэтэл ТАЗ-ын салбар зөвлөлийн орны хүн одоо болтол томилогдоогүй байна.

Д.Гэрэлээ