С.АМАРСАЙХАН: “Цэн Сэн Тиан Ий” үйлдвэр мах боловсруулах, үйлдвэрлэх шаардлага хангахгүй байна

Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр эмээлт дахь мах боловсруулах зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Сүүлийн үед тус газарт байрлах махны үйлдвэрүүдийг тойрсон мэдээлэл иргэдийг бухимдуулж буй билээ. Өнгөрсөн долоо хоногт тэрээр холбогдох албаныханд тус газруудад шалгалт хийж мэдээлэл өгөх үүрэг даалгавар өгсөн. Гэвч тэрбээр холбогдох байгууллагуудын мэдээлэл хүлээгээд суух биш тус үйлдвэрүүдтэй өөрийн биеэр танилцаж байна.

Тэрээр Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 32 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана. Ингэхдээ иргэдэд нээлттэй мэдээлэл өгч, махны асуудлыг цогцоор шийднэ гэдгээ хэлсэн юм.

Шадар сайд С.Амарсайхан  “Цэн Сэн Тиан Ий” мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр түүнийг МХЕГ, ХХААХҮЯ, Мал эмнэлгийн газар, Стандарт хэмжилзүйн газрынхан дагалдсан байв.

Тус үйлдвэр удаа дараа зөрчил илэрч үйл ажиллагааг нь зогсоосон 17 аж ахуй нэгжийн нэг юм.  2021 онд тус үйлдвэр гарал үүслийн гэрчилгээгүй мах хадгалан борлуулж байна гэх иргэний гомдол ирэхэд гомдлыг шалгаж зөрчлийн хуулиар 1.500.000 төгрөгөөр торгожээ. Гэвч тухайн үйлдвэрт энэ жил шалгалт хийхэд дахин гарал үүсэл тодорхой бус мах хадгалж байсан учир тухайн махыг битүүмжилсэн талаар МХЕГ-ийн дарга Баасандорж энэ үеэр мэдээлэл өгсөн юм.

Шадар сайд тус үйлдвэртэй танилцах үеэрээ “Энэ үйлдвэр хэн ч орж ирсэн мах боловсруулж, үйлдвэрлэх хэмжээний эрүүл ахуй, стандарт шаардлага хангахгүй байгаа нь харагдаж байхад Стандарт хэмжилзүйн газрынхан цаасан дээрх стандартаа одоо хэлж мэдэхгүй байна гээд ангайгаад зогсож байж болохгүй. Үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэх боловч мах хадгалж байгаа нь үйл ажиллагаа явуулж байгаагийн хэлбэр. Энэ үйлдвэр махыг дотоодод нийлүүлдэг ч бай гадагшаа экспортлодог ч бай шаардлага хангахгүй байна. Мэргэжлийн хүн битгий хэл энгийн хүний нүдээр харсан ч энэ үйлдвэрийн байр, хэрэглэж байгаа сав суулга, шат дамжлага нь шаардлага хангахгүй байна. Ийм үйлдвэр хүнсний үйлдвэрлэл явуулж болохгүй. Өчнөөн олон жил яригдаж байхад эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал хариуцсан ХХААХҮЯ, МХЕГ, Стандарт хэмжилзүйн газрынхан цаг тухай бүрт нь асуудлыг шийдвэрлээд явж байсан бол өнөөдөр ийм эргэлзээтэй байдал үүсэхгүй байсан. Нэг нь шалгасан, нөгөө нь шалгуулсан хэмээн алийн болгон нүглийн нүдийг гурлаар хуурч явах вэ. Одоо цогцоор нь асуудлыг шийдье. Ямар мах хаагуур хэрхэн яаж орж ирж хэний эзэмшдэг ямар үйлдвэрт боловсруулагдаж хэнд хүрч байна. Аль үйлдвэр гадагшаа гаргаж, аль үйлдвэр нь дотооддоо нийлүүлдэг юм. Ямар бодис хэрэглэгдэж байна тэр нь эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх гээд  бүх асуудлыг ил тод нээлттэй болгох хэрэгтэй” гэв.

Д.Гэрэлээ