Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд сонгогджээ

Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ хориг тавьж, цэрэг хөдөлгөх эрхтэй хүчирхэг институт болох Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр Япон улс сонгогджээ. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус таван гишүүний нэгээр сонгогдсон Япон улс нь 2023-2024 онд хоёр жилийн хугацаатай ажиллана. Японоос гадна Швейцарь, Мозамбек, Малта, Эквадор зэрэг таван орны бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс  эхлэх аж. Тэднийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн нууц санал хураалтаар сонгожээ. Ерөнхий ассамблейн 193 гишүүн орны 184 нь Японы талд саналаа өгсөн байна. Япон улс Аюулгүйн зөвлөлд сонгогдож, олон орны саналыг авсан нь Хятадын улс төр, цэргийн хүчирхэгжилттэй холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна. Японы гадаад хэргийн дэд сайд Одавара Киёши хэлэхдээ, Токио нь аюулгүйн байдал, эрчим хүч, хүнсний асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллана гэжээ.

Харин Энэтхэг, Норвеги, Кени, Мексик, Ирланд улсын Аюулгүйн зөвлөлд ажиллах хугацаа дуусч байна.

Аюулгүйн зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд үүний тав нь байнгын гишүүн. Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэх аливаа асуудал, тогтоолын төсөлд хориг тавих эрхтэй байнгын таван гишүүн нь АНУ, ОХУ, Хятад, Франц, Их Британи юм. Харин бусад 10 орон нь тав, таваараа хоёр жилийн хугацаатай сонгогдон ээлжилдэг аж.