ДЭМБ:Сармагчны цэцэг өвчин нийтийн эрүүл мэндэд аюултай эсэхийг ирэх долоо хоногт тогтооно

ДЭМБ сармагчны цэцэг өвчний тархалт нийтийн эрүүл мэндэд аюул учруулахуйц хэмжээнд хүрсэн эсэхийг үнэлэхээр ирэх 7 хоногт шуурхай хуралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Сармагчны цэцэг өвчнийг олон улсын эрүүл мэндийн онцгой байдлын түвшинд хүрсэн гэж зарлавал ДЭМБ уг өвчнийг “Ковид-19” цар тахлын адил түвшинд авч үзэж байна гэсэн үг юм.

Өчигдрийн байдлаар дэлхийн 39 улсад сармагчны цэцэг өвчний 1600 гаруй тохиолдол батлагдсан байна.

ДЭМБ-ын шуурхай хуралдаанд олон орны эрдэмтдийг урьжээ. Өмнө нь ДЭМБ гахайн ханиад, эбола, зика вирус, “Ковид-19” зэрэг өвчнүүдийг нийтийн эрүүл мэндийн гамшигт тооцож, шуурхай хариу арга хэмжээ авах зөвлөмжийг улс орнуудад өгч байсан.

Одоогоор сармагчны цэцэг өвчин Европ, Хойд болон Өмнөд Америк, Ази, Африк, Австрали гэсэн бүс нутгуудад бүртгэгдээд байна.

Уг вирус сармагчнаас бус ихэнхдээ зэрлэг мэрэгч амьтнаас хүнд дамждаг. Салхин цэцэг өвчний вирустэй нэг төрөлд багтдаг боловч харьцангуй хөнгөн хэлбэрээр илэрдэг. Агаар дуслын замаар тархдаггүй, халдвартай хүнтэй ойр харилцах, хүрэлцэх замаар халдварладаг гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа билээ.