Монголын анхны эмэгтэй эмч нарын нэг “Дурангийн’ С.Цэрэнлхам

Монгол Улсад ходоодны дурангийн мэргэшсэн дөрвөн эмч байсны нэг нь анхны эмэгтэй эмч нарын нэг нь С.Цэрэнлхам. Түүний багш дурангийн анхны эмэгтэй эмч Чимэд гуай байжээ. Багшийнхаа залгамж халааг С.Цэрэнлхам гуай өвлөн авсан нь энэ аж.

Хавдар судлалын үндэсний төв хэмээх их айлын босгыг 1979 онд давж, баяр, гуниг, зовлон жаргалтай бүхий л цаг мөч түүний ажил мэргэжилтэй салшгүй холбоотой. Түүх сөхвөл, С.Цэрэнлхам эмчид уушгины хавдартай гэсэн оноштой иргэн дурандуулахаар ирсэн нь түүний сэтгэлд тодхон үлдсэн гунигт дурсамжуудын нэг. Ийнхүү хэлсний учир нь уушгиа дурандуулахыг хүссэн тэр хүнд дурангийн оношилгоо хийж, хавдартай болох нь тогтоогджээ. Энэ явдлаас  хойш удалгүй өнөөх хүн нас барсан тул ар гэрийнхэн нь дурангийн эмчтэй уулзахаар ирсэн байна. Энэ мэдээг сонсоод “шок”-д орсон эмч арга буюу гэрийнхэнтэй нь уузлахаар очтол “Бид Зайсан дахь эмнэлэгт хандаад сар гаруй болсон ч онош нь тодроогүй. Арга ядаад танай эмнэлэгт хандаж, танд үзүүлсэн. Гэтэл та манай талийгаачийн оношыг нь тогтоолоо. Танд баярлалаа” гэж хэлсэн энэ үг эмчийн сэтгэлд гүн хоногшиж үлджээ. Энэ тухай С.Цэрэнлхам эмч “Өвчтөн нь маань нас барчихаад байхад ар гэрийнхэн нь танд баярлалаа гэж хэлэхийг сонсох үнэхээр зүрх зүсэм хэцүү юм билээ. Нөгөө талаараа энэ үг сайхан мэт санагдах мэт энэ үг сэтгэлд их тод үлдсэн.” хэмээн санаан алдан ярьсан юм.

Эмч хүн бусдаас талархлын үг сонсохоос илүү тухайн хүний өвчний оношийг зөв тодорхойлж, эрт үеийн илрүүлэг, амжилттай мэс заслын хагалгаа, найдвартай эмчилгээ шиг сайхан бахархмаар зүйл үгүй аж.

Хавдар судлалын үндэсний төвд төмөр дурангийн оношилгооны үеэс өнөөгийн уян, болон капсулын дуран хүртэлх бүхий л цаг үед амьдралынхаа ихэнх он жилүүдийг өнгөрүүлсэн энэ хүнийг үе үеийн эмч нар “Дурангиййн С.Цэрэнлхам” гэдгээр нь андахгүй.

Учир нь  С.Цэрэнлхам гуай ходоод ч биш уушги дотор эрхтэн дуранддаг байснаараа хамт олон үе үеийн эмч нартаа үлгэр дууриалал нь болжээ. Төмөр дурангийн талаар тэрбээр ярихдаа “Урт, өргөнөөрөө 50 см-ийн хэмжээтэй төмөр дурангаар хүн болгоныг оношлохгүй. Тодорхой заалт байлаа. Ходоод харах боломжгүй зөвхөн шулуун гэдэс, улаан хоолой үздэг байсан юм. Дурандуулах гэж байгаа хүнд мэдээ алдуулалт хийхээс өмнө сэтгэлзүйг нь эмчлэх, тайвшруулах нь их чухал. Төмөр дуран их өвднө гэж хүн бүр л айдаг байсан болохоор аргаггүй байх л даа” гэлээ.

Дуран бүхэн өөр өөрийн гэсэн онцлогттой байж. Тухайлбал, төмөр дурангаар  ходоод харах боломжгүй улаан хоолой л хардаг бол нүдний дуран гэхэд нэг нүдээр л харж оношилдог байж. Дараа нь зураг гаргадаггүй дуран, орчин үеийн зураг гаргадаг уян дуран, биед ямар ч зовиургүй капсул залгиад л оношыг нь тодруулдаг гэх мэт дуран бүхэн эмчээс нарийн мэдрэмж, мэдлэг, ур чадвар шаардаж байсан нь гарцаагүй. ХӨСҮТ-д 30 гаруй жил ажиллаж, өдгөө тэтгэвэртээ гарсан ч төрөлх нутаг Булган аймагтаа дурангийн зөвлөх эмчээр ажиллаж буй түүний ажигласнаар хүн амын дундах ходоодны хорт хавдрын өвчлөл 30 жилийн өмнөхтэй харьцуулахад ч буураагүй гэнэ. Энэ тухай тэрбээр “Дэлхийн хүн амын дунд нас баралтын шалтгаанаар ходоодны хорт хавдрын өвчлөлөөр Монгол Улс хоёрдугаарт жагсдаг л байсан. Одоо энэ өвчин улам залуужиж байна. Энэ өвчин 30 жилийн өмнөхөөсөө буурахгүй ихсэх хандлагатай байгаа нь монголчууд ходоодоо хайрлахгүй байна. Ходоодны өвчлөл хувь хүнээс их шалтгаална. Зөв хооллох нь их чухал, өвдөөгүй байсан ч эмчид хандаж эрт үеийн илрүүлэг маш чухал” гэсэн юм.

С.Цэрэнлхам гуай дуранг өлгийтэй хүүхэдтэй зүйрлэсэн нь их сонирхол татсан юм. Түүний тайлбарласнаар дурантай маш нямбай, цэвэрч, нарийн мэдрэмжтэй ажилладаг учраас тэр аж. Энэ утгаараа ”Дурангийн эмч хэмээх энэ мэргэжил маш ховор нандин чамин мэргэжил” гэдгийг тэрбээр тодотгож байв. Дурангийн эмч цаг баримтлахаас эхлээд тоног төхөөрөмжтэйгээ ажиллаж, түүнийгээ ном шиг уншиж, зураг шиг харж сурах нь хамгийн чухал аж. Тэрбээр “Дурангийн эмч бол зөвхөн аппаратад найддаггүй. Тухайн өвчтөний сэтгэлзүйг давхар эмчилж байдгаараа онцлогтой. Хэрэв тэр хүн өөрийгөө хавдартай гэдгээ сонсвол яах вэ. Хүмүүсийн сэтгэлзүйн онцлогоос нь шалтгаалан хавдрыг нь өөрөөс нь нуух үе ч байна.  Өөрийгөө эрүүл гэж бодсон хүн хавдартай гэдгээ сонсоод сэтгэл санаагаар унаж хямарна. Өвчтөний ар гэрийнхэнд тухайн хүний оношийг хэлэх нь бас л сэтгэлзүйн байдлаас нь хамаарна. Дурангийн эмч гэдэг бол маш сайн оношилгоо хийдэг чадвартай байхаас гадна хүнтэй харилцах харьцаа, эмчийн ёс суртахуунтай байх нь хамгийн чухал. Бидний хайдаг гол зүйл бол эрт үеийн хавдрыг илрүүлэх л байдаг. Эмч болох дургүй хүн гэж байхаас бус эмч болж чадахгүй хүн гэж байхгүй. ХӨСҮТ-ийн босго өндөр. Эмчийн ур чадвар, мэдлэгийг нарийн шалгуураар шалгаж авдаг аж. Хамгийн гоё мэргэжил бол дурангийн эмч” хэмээж байлаа.

Өдгөө Хавдар судлалын үндэсний төв, Хатагтай, Сонгдо эмнэлэг гэх зэрэг улсын болон хувийн эмнэлэгт амжилттай ажиллаж яваа дурангийн тасгийн эмч нар С.Цэрэнлхам багшийн “гараар” дамжжээ. Түүний хайртай шавь нарын нэг ХСҮТ-ийн  Дурангийн мэс заслын тасгийн эрхлэгч, Их эмч  Ж.Оюунчимэг ярихдаа “С.Цэрэнлхам багш Хавдар судлалын үндэсний төвийн дуран оношилгоог ганцаараа үүрч явсан гэхэд хилсдэхгүй. Намайг 1999 онд Хавдар судлалын үндэсний төвд ажилд ороход энэ хүн л надад зааж, сургасан. Ходоодны дурангийн эмч гэдэг зөвхөн аппаратад найдахгүй маш нарийн мэдрэмжтэй, хурц хараатай, хурдтай байх ёстой. Би багшаасаа маш олон зүйлийг сурсан. Биднийг дурангийн эмчээр анх ажиллаж байхад өнөөдрийнх шиг дэлгэцтэй дуран байсангүй. Нүдээрээ хардаг дуран байсан. Тэр үед сурахад хэцүү. Нэг дурангаараа ээлжилж хардаг байлаа. Тэр үед С.Цэрэнлхам багш маань нүдний дурангаар харж буй зүйлээ надад ярьж өгнө. Дараа нь дурангаа надад өгнө. Багшийн ярьсан зүйлийг дүрсэлж бодно, дараа нь дурангаар харахад багшийн ярьсан зүйл харагдахгүй байх зэрэг хүнд хэцүү нөхцөлд сурч байсан маань эргээд бидэнд маш их мэдлэг туршлага болсон” хэмээсэн юм.