Цус өтгөрөхөд биед ямар сөрөг нөлөөтэй вэ

1. Цус юунаас болж өтгөрөх вэ?
– Тамхи, архи, хөдөлгөөн багатай хэв маягийн амьдрал, агаар дутагдах
– Удаан хугацаагаар шингэн дутагдах, шингэн алдалтын хурц болон архаг хэлбэрүүд
– Удамшлын цус өтгөрөлтийн факторууд өндөртэй, элэг, дэлүү, чөмөгний өвчинтэй, D dimer цусанд ихэссэн бол!
– Төрөл бүрийн вирус, бактери, мөөгөнцөр, эгэл биетний халдвар, Түлэгдэлт
– Хаван хөөх, шээс хөөх, хөлөргөх, туулгах, бөөлжүүлэх үйлчилгээтэй эм тарианы хяналтгүй хэрэглээ
– Цусанд сахар ихдэх өвчин, их хөлрөх, их шээх, их амьсгаадах, хоолны хордлого, гүйлгэлт суулгалт, шингэний хэрэглээ дутагдалтай байх
– Зарим төрлийн витамин, эм тариа, даавар, шүүрлүүдийн нөлөөгөөр цус өтгөрөх.
Эдгээрээс гадна хоол хүнсний нөлөөгөөр цус өтгөрөх
– Шээс хөөх, туулгах үйлчилгээтэй эм, цай, кофены хэрэглээ хэтрэх, ялангуяа их халуунд цэвэр ус, рашаан бага хэрэглэх
– Амттаны хэрэглээ хэт их, сахар, давс, мах, хар шөл, хар чавга, царцаамаг, утсан хиам, хиам, шош, цагаан талх, банана, манго, тэс жимс нь цус өтгөрүүлнэ.
– цус тогтоох, шарх аниулах үйлдэлтэй бодисуудыг хяналтгүй хэрэглэх. Ж-нь: Таван салаа, илдэн игүүшин, нүцгэн хурган засаа (шархны шар цэцэг), нарийн сараана (төмсний улаан), гүргэм зэрэг цус тогтоох, ургамлууд,
– Аргаах үйлдэлтэй- Сөд өвс, барагшун, мойл, кальцийн бэлдмэлүүд, төмсний цардуул, цагаан будаа, мэхээр, архи, спиртийн хэт хэрэглээ нь бас цус өтгөрүүлнэ.

2. Цус өтгөрөхөөр хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ ?
Цус өтгөрөхөд цусны урсгал удааширч, хүчилтөрөгч болон тэжээлийн бодисууд зөөвөрлөгдөх үйл явц удааширч, цусны сийвэн багасах, цусны эсүүд хоорондоо наалдаж хэлбэр дүрсээ алдах, бүлэн үүсгэх, судас бөглөрөх, судас агших, тархи зүрхэнд болон амьдралын чухал эрхтнүүдэд цус дутагдаж, амь насанд аюул учирдаг.
Эдгээр сөрөг нөлөөлийн үр дагавар, дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд: Толгой үе үе эргэх, манарах, тархиар хатгаж өвдөх, нүд эрээлжлэх, зүрхээр гэнэт хатгуулах, дотор муухайрах, бие сул оргих, гар хөл хүйтэн оргих, бадайрах. Хүнд хэлбэрийн үед буюу цусан бүлэн үүсч судас бөглөрвөл тухайн хэсэгт маш хүчтэй өвдөх, дарж үзэхэд хөндүүр зовиур ихтэй байх, зүрхний шигдээс-зүрхээр хүчтэй хатгаж, үхэх гэж байгаа мэдрэмж төртөл өвдөх, тархины цус хомсролын инсульт-гэнэт манарч ухаан алдан унах, хэл ээдрэх, гар хөл мэдээгүй болох, нүүрний тал саажих, Артерийн даралт огцом ихсэх эсвэл даралт унах.
Цус өтгөрөлтэй удаан явснаас эд эсийн тэжээл, хүчилтөрөгчийн архаг дутагдал үүсч, нойргүйдэх, ой санамж сулрах, сэтгэл будангуйрах, гутрах, ядарч сульдах, толгой өвдөх, дархлаа унах, идээт үрэвсэл, буглаа ихсэх, сарын хир тасалдах, багасах, умайд салст хучаас эд зузаарах, ургацаг ургах, өндгөвчинд болон эрхтнүүдэд уйлинхай үүсэх, хавагнах, үе мөч өвдөх, яс сийрэгших, биеийн илч багасах, амьсгаадах, гар хөл бадайрч янгинах, арьс хөрс хуурайших, өнгө зүсээ алдах, тууралт толбо олшрох шинжүүд тод илэрч эхэлнэ.

3. Цусаа яаж шингэрүүлэх вэ?
– Цус шингэрүүлэх үйлдэлтэй эм тариаг зөвхөн эмчийн заасан тун хэмжээгээр, лабораторийн шинжилгээ, хяналтан доор хэрэглэх ёстой. Учир нь түргэн хугацаанд цус шингэрүүлж, цус алдах, цус шүүрэх эрсдэлтэй байдаг гэдгийг мартаж болохгүй.
– Хүнсний бүтээгдхүүнүүд дотроос цус шингэрүүлдэг үйлдэлтэй дараах хүнсний нэр төрлүүдийг тогтоогоод авахад илүүдэхгүй: Үүнд: Цагаан гаа /үндэс/, гич-горчица, шар буурцгийн цуу-сой соус, өргөст хэмх, цэцэгт байцаа – брокколи, гүүний айраг, ингэний хоормог, аньс, халиар, таана, хүмүүл, мангир, ногоон сонгино, сармис, хүрэн манжин, лидэр, интоор жимс, нимбэг, алимны цуу, улаан лооль, загасны тос, загасны мах, хар шоколад, какао, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, алим, анар, апельсин, мандарин, хар самар, маалингын тос, Оливийн тос-Чидун жимсний тос гэдэг, чацарганы тос, амтат чинжүү, байцаа.
– Цэвэр ус, байгалийн цэвэр ус, рашаан, буцалгаж хөргөсөн ус, зөгийн балтай ус,
– Шингэн алдалт, гүйлгэлт суулгалт, шарталт, хоолны хордлогын үед: Хоросол буюу 8 хоолны халбага элсэн чихэр+ 1 хоолны халбага давсыг 1 литр буцалсан халуун усанд уусгаад, хөргөж, хүүхдэд -1-2 хоолны халбагаар, том хүнд бол 1 хундагаар /50мл/, 15 минут тутамд уусаар дуусгана. Энэхүү уусмал нь хор тайлж, биед шингэнийг тогтоон барих үйлдэлтэй.

АУ-ы магистр, Клиникийн профессор
Мажаа эмнэлгийн зөвлөх эмч Бямбаагийн Мягмарсүрэн