УБТЗ өнөөдрөөс эхлэн зорчигч болон экспортын ачаа тээврийн нэмэгдсэн үнээр үйлчилнэ

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН) орон нутгийн, олон улсын зорчигч тээврийн галт тэргээр зорчих тарифаа 50 хувиар нэмсэн. Мөн тээвэрлэлтийн үнээ нэмжээ.

Тус ХНН зарим ачаа тээврийн бүлэг, зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлтээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт илгээсэн байна. ШӨХТГ Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас холбогдох санал авчээ.

Ингээд хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй, хэвээр үлдээхээр шийдсэн байна. Харин экспортын ачаа тээвэр, зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг дараах хувиар индексжүүлжээ:

  • Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%
  • Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%
  • Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%
  • Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%
  • Орон нутгийн, олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг 50%-иар индексжүүлнэ.


Энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Зорчигч тээврийн тарифыг 2017 оноос хойш индексжүүлээгүй байна. Өмнөх тарифаар орон нутгийн зорчигч тээврийн нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байсан бол уг чиглэл дэх том оврын автобус 20600, суудлын тэрэг (такси) 31000 төгрөг байна. Харин өнөөдрөөс энэ чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ 9000 төгрөг болов.

АЖ АХУЙН НЭГЖИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ ХЭЗЭЭ НЭМЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Энэ сарын 1-нээс эхлэн ААН-үүдийн эрчим хүчний үнийг өсгөнө гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлсэн юм.  Тэрээр өнгөрсөн сард УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөхдөө “Эрчим хүчний салбар хүнд байдалд байна. Нүүрсний уурхайнуудад хэрэгтэй эргэлтийн хөрөнгө 109 тэрбум төгрөгт хүрсэн.

  1. Багануурын уурхайд 61,
  2. Шивээ-Овоогийн уурхайд 33,
  3. Шарын голын уурхайд 14 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол санхүүгийн хомсдолд орсон.

Мөн эрчим хүчний үйлдвэр, компаниуд ч нөхцөл байдалтай. Бид ОХУ-аас оргил ачааллын цагт (18.00-22.00) баруун болон төвийн бүсээрээ дамжуулан цахилгаан импортолдог. Энэ онд хүлээж буй гүйцэтгэлээр ханшийн алдагдал 37,8 тэрбум төгрөгт хүрэх нөхцөл үүссэн. Энэ мэтээр эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар 432 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. Тиймээс арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнэ нэмэх саналыг Эрчим хүчний зохицуулах хооронд тавьсан. Өрхүүдийн дулаан цахилгаан, эрчим хүчний үнийг нэмэхгүй. Харин аж ахуйн нэгжүүд 5000квт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, түүнээс дээш бол 28 хувиар нэмнэ.

Уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефоны операторууд гэх мэт санхүүгийн ачааллыг дааж чадах байгууллагуудын 200 мянган кВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд нь 38 хувийн нэмэгдэл тооцно. Эрчим хүчний үнэ тарифыг ойрын хугацаанд яаралтай нэмэхгүй бол гал алдах тул аргагүй эрхээр ийм шийдвэр гаргасан” гэсэн юм.

Сэлбэг, түлшний үнийн өсөлт, зардалд нөлөөлж буй бодит хүчин зүйлсийн улмаас эрчим хүчний компаниуд

  • 2020 онд 92 тэрбум төгрөг,
  • 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

Эрчим хүчний зохицуулах хороо энэ саналыг дэмжээд, ХЗДХЯ-нд шийдвэрээ танилцуулжээ. Тус яам шийдвэртэй танилцаж, хууль тогтоомжид бүртгэнэ. Үүний дараа “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэснээр ААН-үүд эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн шийдвэр хүчин төгөлдөр болно. Одоогоор энэ шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна.

Дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсноор сард 6000 кВт.ц цахилгаан хэрэглэсэн байгууллагын эхний 5000 кВт.ц цахилгааныг 14 хувиар нэмсэн тарифаар, үлдсэн 1000 кВт.ц цахилгааныг 28 хувиар нэмэгдсэн тарифаар буюу шаталсан байдлаар тооцно.

Нийт 50 мянган үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын 82 хувь буюу 41 мянган хэрэглэгч 5000 кВт.ц-аас бага цахилгааны хэрэглээтэй. Үүнд ихэвчлэн хүнс, барааны дэлгүүр, хүнсний жижиг үйлдвэрлэл, кофе шоп, үсчин гоо сайхан гэх мэт жижиг, дунд бизнес эрхлэгчид хамаардаг аж.

Мөн төсвийн байгууллагын цахилгааны төлбөрийг хэрэглээнээс үл хамааран 28 хувиар нэмсэн тарифаар тооцно. Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн ангиллын хэрэглэгчийн тарифыг мөн хэрэглээнд үндэслэн шаталсан байдлаар өөрчилнө. Сарын

  • 200 мянган кВт.ц хүртэл хэрэглэсэн цахилгааныг 28 хувиар нэмэгдүүлсэн тарифаар,
  • 200 мянган кВт.ц-аас дээш хэрэглэсэн цахилгааныг 38 хувиар нэмэгдүүлсэн тарифаар дээр дурдсан шаталсан зарчмын дагуу тооцно.

Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн ангиллын хэрэглэгчдийн дийлэнх нь олборлосон бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, олон улсын зах зээлийн үнээр борлуулдаг. Иймд цахилгааны тариф нь энгийн үйлдвэр, аж ахуйн нэгжийн тарифаас харьцангуй өндөр байдаг.

Мөн энэ удаагийн тарифын өөрчлөлтөөр арилжааны банк, интернэт, үүрэн холбоо эрхлэгчид, согтууруулах ундаа үйлдвэрлэгч болон криптовалют олборлох үйл ажиллагаа эрхлэгчдэд уул уурхайн ангиллын хэрэглэгчтэй ижил тарифыг мөрдүүлэхээр тооцжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ нэмэх шийдвэрийг “Төрийн мэдээлэл”-д хэвлэснээр бүх бүсэд шинэчилсэн тарифыг мөрдөх юм.