Х.Нямбаатар: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар учирсан хохирлоо иргэний хэргээр шийдвэрлүүлэх боломжтой

Засгийн газрын ээлжит хуралдаанаараа 20 гаруй асуудал хэлэлцсэн.  Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хуульзүйн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: ” Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг  хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган гурван шатны шүүхээс ял оноосон байдаг. Тэгвэл өнөөдөр тэдэнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болголоо. Үйлдэл, холбогдол гаргахгүй байх маш том кейс боллоо. Хүчээр хэлмэгдүүлж, хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж ял оногдуулан асуудлыг үргэлжүүлж шалгана.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар учирсан хохирлооо иргэний журмаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.

Улстөрийн зорилготой энэ аллагыг хэн зохион байгуулав аа гэдгийг хэрэг хуучирдаггүй тул хууль хяналтын байгууллага үргэлжүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулна.

Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, ял шийтгэсэн төр хохирлыг барагдуулах эрх зүйн зохицуулалт бий. Өмнө нь ийм кейсүүд гарч байсан.

Тухайлахад, иргэн Эрдэнэ-Очирт цаазаар авах ял оногдуулж, эргэж цагаадаж байсан. Энэ хүн олонжил мөрдөн шалгагдаж, хоригдож байсан хугацааныхаа нөхөн төлбөрийг төрөөс гаргуулж байлаа. Мөн Дарханы Уранчимэг нарт холбогдох хэрэг бий. 1980-аад оны сүүл үед шалгагдаж байсан. Энэ хэрэгт УЕП-ын орлогчийг холбогдуулж, тухайн хүмүүст оноосон хэрэгсэхгүй болгож байлаа. Энэ бол маш харамсалтай явдал. хүний эрхийн маш том зөрчил.

Цаашид үйлдэл дахин хэзээ ч бүү гараасай гэдэг үүднээс ХҮЭК-той хамтарсан багийг энэ кейс дээр ажиллуулах үүргийг ХЗДХ-ийн яаманд Ерөнхий сайд өгсөн.

Сануулахад: Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг  хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган гурван шатны шүүхээс ял оноосон байдаг. Тэгвэл өнөөдөр тэдэнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлэл гарсан.

Тодруулбал, Б.Содномдаржаад 25 жил, Т.Чимгээд 24 жил хорих ялыг оноож, хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон. Гэвч тэднийг эрүүдэн шүүсэн гэх хэрэг илэрч ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил хорих, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жил хорих ял оноож, нийслэлийн прокурорын газраас С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг Дээд шүүхэд гаргасан. Дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 14-нд хуралдаж, уг дүгнэлтийг хүлээж аваад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг батлан даалтад гаргасан. Түүнээс хойш тэдэнд холбогдох хэргийг дахин шалгаж байсан. Тэгвэл мөрдөн байцаах ажиллагаа дуусч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон байна.