УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат: Намайг гадаадруу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явлаа

Нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат АТГ-т очиж тайлбар мэдүүлгээ өгчээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудастаа  “УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа.

Намайг гадаадруу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна.
Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа…” хэмээн бичжээ.
Түүний хувьд  Солонгос улсад ээжийгээ эмчлүүлэхээр явсан байсан нь түүнийг зугатсан гэх мэдээлэл тарахад хүргэсэн юм. Тэгвэл тэрбээр өнгөрсөн даваа гаригт ирсэн бөгөөд ийнхүү мэдүүлгээ өгчээ.
Сануулахад: Архангай аймгаас УИХ-д сонгогдсон тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдон өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд өнгөрсөн сард эхэлсэн хаврын чуулганаар түүнийг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлсөн билээ.