Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой’ ойрын жилүүдэд ногдол ашиг өгөхгүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг яамандаа хийж, тодорхой мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд тэрбээр уул уурхайн салбарын тоон мэдээллийг уншиж танилцуулав. Түүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO гаргах ажил ямар шатандаа яваа вэ. Гадны гурван банктай гэрээ байгуулж байгаа талаар мэдээлэл гарсан байсан?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO гаргах асуудлыг багагүй хугацаанд ярилаа. Дунд нь хууль, журам гаргах ажил ч нэлээд цаг авлаа. Хувийн компани биш ТӨҮГ учраас шилэн, нээлттэй, засаглал сайтай болох хэрэгтэй байна. Анхных гэдэг утгаараа тэр болгон санасанаар болохгүй байгаа. Бид энэ ажлыг нэлээд өндөр хэмжээнд зохион байгуулж яваа. Одоогоор санхүүгийн, хуулийн, техникийн  зөвлөхөө сонгосон.  Өөр олон ч зөвлөх байгаа, тэр болгоныг сонгочихсон. Бүгд ажилдаа ороод, гэрээгээ байгуулж, хугацаатай үүрэг даалгавар аваад ажиллаж байгаа. Гурван банк сонгосон. Голлож ажиллах нь “Bank of America”.  IPO гаргахтай холбогдуулаад бид нэг зүйлийг хийх ёстой юм. Одоо олон улсын хууль журам, гэрээ, биржийн шалгуурын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр энд би биржийн дүрэм, журмаас хальсан асуудал ярих нь зохимжгүй.  Тоо баримтыг илтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргавал анхааруулах шар гэрэл асах магадлалтай.

Тиймээс бид санхүүгийн зөвлөхтэйгээ ярьж, ямар хэмжээнд, аль тоо баримтаа хэлэх вэ гэдгээ зохицуулж байгаа.  Гэхдээ огт ярихгүй, хааж, нуугаад байна гэж битгий бодоорой.  Цаад зохицуулалт, шаардлага нь тийм байгаа юм. IPO  гаргана гэдэг бонд гаргах, зээл авахтай адилгүй. Шууд хөрөнгө оруулалт. Энэ хөрөнгө оруулалтаар бид төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлнэ. Энэ талаар яриад, ажлаа хийгээд явж байна. Ер нь Төрийн өмчит үйлдвэрийн газрууд, компаниудыг нээлттэй, ил тод, хариуцлагатай, засаглал сайтай болгож өгч, явуулах ёстой.  “Таван толгой”-н IPO  бүтэмжтэй болбол цаашлаад “Эрдэнэт”, “Монголросцветмэт” нэгдэл гээд олон компанийн Олон улсын зах зээлд гаргаж яагаад болохгүй гэж.  Ингэж байж та нарын хүсээд байгаа шилэн, засаглал сайтай компаниуд болно.

-1072 хувьцааны ногдол ашгийн талаар Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэж, Засгийн газарт чиглэл өгсөн. 2020 онд ногдол ашиг олох боломжтой юу?

-Ногдол ашгийн талаар тодорхой хэлчихсэн. Одоо 26 мянган төгрөг өгөх үү. Эсвэл 5 жилийн дараа төмөр замаа тавиад, баяжуулах, коксын үйлдвэрүүдээ бариад, эрчим хүчний эх үүсвэрээ шийдчихье.  Улмаар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаад, үйл ажиллагаа, цар хүрээгээрээ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болчихоод, дараа нь 5, 10 дахин ногдол ашиг хуваарилж болно. Энэ бодлогыг л Засгийн газар барьж байгаа.  Өнөөдөр улс төр хийж байгаа хүмүүсийг сайн ойлгож байна. Харин бид хувьцааны үнэ цэнийг өсгөх, компанийн үнэлгээг тогтоох ажлыг хийж байгаа. Олон улсын биржийн үнэлгээний стандартаар бид үнэ цэнийг тогтоох ёстой. Тиймээс зөв юмаараа улс төр хийгээрэй гэж хэлмээр байна. Энэ сэдвийг барьж аваад явбал сонгогдох байх гэсэн ойрын бодолтой байх ёстой.

Мэдээж шүүмжлэх зүйл байлгүй яахав. Зөв шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ бид бүтээн байгуулалтаа хийх хэрэгтэй. Гашуун сухайтын төмөр замын ажил эхэлчихсэн. Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эд өрнөж байна. Өнөөдөр улсын эдийн засаг ямар байгаа билээ. Өсөж байгаа ч гэсэн амаргүй хүнд нөхцөл байдалтай буйг сайтар ойлгох ёстой.

-Оюутолгойтой холбоотой асуудлаар мэдээлэл өгөөч?

-Оюутолгой манай эдийн засгийн ачааны хүндийг нуруундаа үүрч байгаа төсөл.  Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил төсөөлснөөс илүү хурдтай урагшилж байна. 1300 метрийн гүнд 45 -50 метрийн өндөртэй том хонгил дотор дэлхийд байхгүй том бутлуурын цехийг монгол залуучууд барьж, байгуулж байгаа. Энэ бутлуурын цех далд уурхайгаас гарах хүдрийг буталж, цаашаа баяжуулах цех рүү явуулна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дэлхийд байхгүй ажил. Тэнд 14 мянган монгол ажилчин ажиллаж байгаа. Хүний нөөц дээрээ бид маш их капитал бүрдүүлж чадаж байна. Нэг хүнийг бэлтгэхэд ямар их ажил болдог билээ. Улсад 2.7 тэрбум ам.долларыг төлчихөөд байна. Өнөөдрийн эдийн засагт Оюутолгойн эзэлж буй суурь том. Тийм учраас энэ төслийг дэмжиж ажиллах ёстой. Харин хууль, журмын хүрээнд нийцүүлэхийг шахаж, шаардах нь зөв.  УИХ-ын 92 дугаар тогтоолд маш тодорхой заалтууд оруулсан. Тэр дагуу хэлэлцээрийн ширээний ард сууна. Ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ сайд ахлах байх.

-Манайх одоогоор 34 сая тонн нүүрс экспортолсон.  Уг нь 42 сая тонныг гаргана гэж төсөвт тусгасан, хүрсэнгүй. Ирэх жил ч бас 42 сая тонныг гаргана гэсэн. Үнэхээр энэ зорилтдоо хүрч чадах уу?

-Манай яамнаас төлөвлөгөө баталж өгсөн, 32 сая тонноор. Гэтэл төсөв батлагдах гээд Сангийн яаманд очоод, 42 сая тонн болчихсон. Бидний баталсан төлөвлөгөө биелээд явж байгаа.  Мэдээж Засгийн газраар баталчихсан, УИХ-аар орчихсон тогтоол учраас 42 сая тоннд хүргэхээр бүхий л талаар хичээж ажиллаж байна. 11, 12, 1 сар бол Хятадын нүүрсний дотоод зохицуулалтыг хийдэг үе. Энд ямар нэг улс төр байхгүй. Ямар ч улс дотоодынхоо үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахын төлөө зохицуулалт хийдэг. Тиймээс манайд тодорхой хэмжээгээр нөлөөлөөд байгаа юм.