“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 6500 гаруй хоршоо байгуулагдаж, 16 мянга гаруй малчинд зээл олгоод байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 95 дугаар тогтоолоор “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо байгуулагдаж, өчигдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлаар “Шинэ хоршоо” хөдөлгөөний тайлан, хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Үндэсний хорооны 2024 оны төлөвлөгөөний төсөл, Хоршооны гишүүн малчдын зээлийн явц, зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл, “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны тогтоолын төсөл зэргийг хэлэлцэн баталлаа.
Энэхүү хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойших зургаан сарын хугацаанд 6599 шинэ хоршоо байгуулагдаж, 68,500 малчин хоршоонд гишүүнээр элсэж, нийт 556 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 16,399 малчинд олгосон байна. Хурлаар зээлийн зарцуулалт, үр дүнг хянаж, Зээлийн мэдээллийн санг байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний дараагийн үе шат нь хоршоологчид, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн хэсэг болох, улмаар дэлхийн зах зээл рүү гарах экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, аливаа эрсдэлийг хамтын хүчээр буюу хөдөлмөр, хөрөнгөөр хорших замаар даван туулж, урьдчилан сэргийлж, үндэстнээрээ сөрөн тэсвэрлэх чадвартай байх, уламжлалт мал аж ахуй, соёлын давтагдашгүй үнэт байдал, онцлогоо хадгалж үлдэх гэсэн том агуулга, чухал зорилгыг багтааж байгаа билээ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.