₮7.3 их наядын татварын асуудалтай холбоотой мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудлаар тайлбар өглөө.
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн “Татварын Ерөнхий газраас татварын бүрдүүлэлт, ногдуулалттай холбоотой зөрчил, гэрээ, бараа, ажил, үйлчилгээ, мөнгө угаасан байж болзошгүй нийт 7.3 их наяд төгрөгийн асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Тодруулбал, борлуулалтын орлогоо бууруулсан, нуусан, зардлаа нэмж тайлагнасан гэрээ болон үйл ажиллагаатай холбоотой 94 иргэний 3.9 их наяд төгрөг, 56 аж ахуй нэгжийн 2 их наяд төгрөг буюу нийт 6 орчим их наяд төгрөгийн зөрчлийг татварын байгууллага илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Түүнээс гадна худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь нотлогдоогүй цахим төлбөрийн баримт шивүүлж, НӨАТ-ыг бууруулсан 17 аж ахуйн нэгжийн 950.0 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Мөн үйл ажиллагаа явуулаагүй, борлуулалтын орлого нотлогдоогүй ч их хэмжээний цахим төлбөрийн баримт шивж бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон 66 аж ахуйн нэгжийн 855.2 тэрбум төгрөгийн зөрчил, эцэст нь мөнгө угаасан байж болзошгүй цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 43 аж ахуйн нэгжийн 337.8 тэрбум төгрөг, 1 иргэний 600.0 сая төгрөг гээд нийт 338.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Эдгээр 4 зөрчлийн дүн нийлээд 7.3 их наяд төгрөг болж байгаа бөгөөд дээрх дүн нь төрийн байгууллага, тэр дундаа Засгийн газар, салбарын яамд, төсөвт байгууллага, төрийн өмчит компаниудтай хамаагүй” гэдгийг онцоллоо. Харин хувиараа бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд хийсэн татварын ээлжит шалгалтын хүрээнд илэрсэн зөрчилтэй холбоотой дүн аж.
Үндэсний аудитын газраас “Татварын хэрэг маргаантай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх процесс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох” зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгсөн байна.
Тодруулбал, 2019 онд холбогдох хуульд орсон өөрчлөлтөөр татварын байцаагч нь татварын хэрэг маргаанд шинжээчээр оролцох боломжгүй болсон. Энэ нь их хэмжээний дүнтэй олон хэрэг маргаан хууль хяналтын байгууллагад шийдвэрлүүлэхээр хүлээлт үүсгэх болсныг эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар шийдвэрлэх зөвлөмжийг хүргүүлсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг
https://audit.mn/content/detail/39588