Монгол ардын намын XXXI их хурлын төлөөлөгч танд илгээж буй уриалга

Монгол Ардын Намын XXXI Их хурлын төлөөлөгч Танд болон их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье!
Монголын ард түмэн Та бид бүгдээс эрх баригч намын хувьд эв нэгдэл, шударга ёс, тэгш эрхийг хангасан шийдвэр гаргахыг хүлээж байна. Иймд төлөөлөгч бид Намын энэхүү хурлаар нэн тэргүүнд улс орны эрх ашиг, хуулийг дээдэлсэн, эрх мэдлээр халхавчилсан авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлийг үргэлжлүүлсэн, улс орны өнөөгийн нөхцөл байдалд болон намын үйл ажиллагаанд бодит үнэлэлт, дүгнэлт өгсөн, эв нэгдлийг хангасан шийдвэрийг гаргах ёстой.
Ард түмний итгэлийг хүлээж, сонголтыг авсан эрх баригч намын хувьд сонгуулиар амласан амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ хангахын тулд Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгах нь улс орон, бүх нийтийн эрх ашигт нийцнэ гэж “Хамтын хүч” жигүүр үзэж байна.
Манай нам “дарга болон бүлэглэл төвтэй” бус “гишүүн төвтэй” нам байхын тулд Намын Үндсэн дүрэмд оруулах өөрчлөлтөндөө ахмад, дунд, залуу гурван үеийн хэлхээ холбоог нягтруулах, хүний нөөц, гишүүнчлэлийн бодлого, түүнчлэн намаас шат шатны сонгуульд нэр дэвшүүлэх шалгуурыг тодорхой болгох, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах зэрэг намын дотоод асуудалд шинэчлэл хийхийг намын 300 гаруй мянган гишүүн бид бүхнээс хүлээж байна.
Бид бүхэн улстөрийн их зорилгын төлөө тулгараад буй асуудлуудыг хэлэлцэн тунгааж, оновчтой гарцыг бие биендээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандан хамтаараа шийдвэрлэж Монгол Ардын Нам туршлагатай, тулхтай улстөрийн хүчин гэдгээ нотлон, намын XXXI Их хурлаараа намын гишүүд, дэмжигчид, сонгогчид болон ард иргэдийнхээ хүлээлтийг хангаж Монгол Улсын язгуур эрх ашигт нийцсэн эв нэгдлийн шийдвэр гаргахыг “Хамтын хүч” жигүүрээс уриалж байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДЭРГЭДЭХ “ХАМТЫН ХҮЧ” ЖИГҮҮР