Монгол дархны урлаг бол манай үндэстний дархлаа, цаг хугацааны бэлгэдэл, түүх, итгэл үнэмшил, ухамсар хамт оршдог соёлын өвийн томоохон багана юм. Айл гэрийн тулганаас эхлээд адуу малын тоног хүртэл, өрхийн тэргүүний хэтээс эхлээд өндөр төрийн тамга хүртэл цөм уран дархчуудын бүтээлч үйлээр бүтээгдэж, мянга мянган жил уламжлагдан ирсэн билээ. Энэхүү оюуны ур, мэлмийн ур, мутрын ураар бүтээгдсэн юмс бүхэн, бүтээсэн арга ухаан нь Монголын ард түмний туулж өнгөрүүлсэн түүхэн үйл явдлыг тодотгон харуулах эх сурвалж, бусдаас ялгарах үнэт зүйл юм. Монгол Улсын Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд 362 өв бүртгэлтэйгээс 9 өв нь уран дархны уламжлалд хамаардаг. Улсын хэмжээнд бүртгэгдсэн 10,890 өвлөн уламжлагчийн 342 нь уран дархны уламжлалт мэдлэгийг өвлөн уламжлагчид байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам соёлын өвийг хадгалж хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах бодлогуудын хүрээнд гар урлал, тэр дундаа уламжлалт дархны урлалыг бодлогоор дэмжин хөгжүүлэхэд анхаарч ажиллана.
Цаашид уламжлалт дархны уран бүтээлийн эдийн засгийн эргэлтийг сайжруулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, экспортыг бодитоор нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, идэвх санаачилга чухал юм.

