Хохирогч: Арван жилийн хөдөлмөр маань хормын дотор шатчихлаа

Энэ сарын 4-нд шар өвс шатаасны улмаас СХД-т таван айлын хашаа, гэр, амбаар шатаж, ихээхэн хохирол учруулжээ. Эдгээр айлын хүмүүс өмссөн хувцастайгаа үлдсэн. Нэг иргэний хариуцлагагүй байдлын улмаас нэлээн олон хүн хохирлоо. Нэг гэр ямар үнэтэй билээ гэж Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд анхааруулав.

Галын улмаас хохирсон иргэн “Би 580 мянган төгрөгөөр мах аваад хөргөгчиндөө хийсэн байсан. Арван жилийн хөдөлмөр болсон байшин маань хормын дотор шатчихлаа” гээд уйлан ярьсан байна.

Иргэд анхаарал болгоомжгүйн улмаас гал алдан, галын аюулгүй байдлыг хангаагүй, бусдыг хохироосон бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг, хохирлыг төлүүлдэг гэв. Хохирол их хэмжээнийх бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Иймд шар өвсөө шатаалгүйгээр цэвэрлэхийг зөвлөв.

Мөн хариуцлагагүй иргэдийн уршгаар Богд ууланд шар өвсний түймэр өнгөрсөн сард гарчээ. Богд уулын Дугуй цагааны маршрутаар алхах, агаарт гарах иргэд нэмэгдсэн байна. Байгалийн биш хүний хүчин зүйлийн улмаас ой шатжээ.

Шатсан обьектуудыг өмчийн хэлбэрээр нь харвал хувийн 560 өмч байна. Байшинд, хогийн цэгт эсвэл бункерт хамгийн их гал гарчээ.

Гал гарсан шалтгаанд ил гал 56 хувийг эзэлсэн байна.Тамхи татах, үнс нурмаа ил хаях, шар өвс шатаах, чүдэнз зурах, гагнуур хийх зэргээс үүдэн , иргэдийн хараа хяналтгүй байдлын улмаас ил гал гардаг.

Энэ онд нийслэлд 20 иргэн нийт 2 сая төгрөгийн торгууль төлжээ. Байшин, гэрт гарсан галын дийлэнх шалтгаан нь цахилгаан ашишлалт, яндангаас үүджээ. Энэ онд галд өртөж, нийслэлд 9 иргэн амь насаа алджээ. Тэдний тав нь өдрийн цагаар, дөрөв нь шөнийн цагаар амиа алдсан байна.

Жил бүрийн зургаадугаар сарын 20 хүртэл нэн хуурай үе тул иргэд гал түймрээс сэрэмжлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж, шар өвс шатахуун адил шатдаг гэв.

Энэ онд нийслэлд 897 удаа гал түймэр гарчээ. Дүүргээр нь харвал СХД, БЗД-т хамгийн олон буюу тус бүр 200 орчим удаа гал гарсан байна. Багахангай дүүрэгт нэг удаа буюу хамгийн цөөн галын дуудлага ирүүлжээ.

Нийслэлийн онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдлыг мэдээлж байна. Ойрын өдрүүдэд салхитай, хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэв.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн ногоон бүс болон зусланд шар өвс шатааж гал алдсан дуудлага их иржээ. ИРГЭН та ой, хээрийн гал түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй.

• Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах
• Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
• Машин техникийн утааны яндан, оч баригчтай болгох
• Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худагны эргэн тойронд цурав татах, шороон зурвас гаргах
• Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
• Түймрийн аюултай үед хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг зөвлөв.