ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан өнөөдөр /2026.05.13/ цахим хуудаснаа дараах мэдээллийг оруулж, эмгэнэл илэрхийлэхдээ гаргасан алдааны улмаас нийгэмд үүссэн бухимдалд Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар агсны гэр бүлээс уучлалт хүсэж, харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Сайд Ж.Алдаржавхлан өөрийн цахим хуудаснаа, “Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж, сүүлчийн замд үдэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар байгуулан Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажиллаж байна.
Манай ажилтны эмгэнэл илэрхийлэхдээ гаргасан алдааны улмаас нийгэмд үүссэн бухимдалд талийгаачийн гэр бүлээс миний бие уучлалт хүсэж дахин харамсаж байгаагаа илэрхийлье” гэсэн байна.
Нэрт яруу найрагчийг сүүлчийн замд үдэх төрт ёсны хүндэтгэлийн ёслолыг 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийн Баасан гаригт Улсын драмын эрдмийн театрт 6.30-7.30 цагт зохион байгуулахаар тогтжээ.