“37-р точка”-ын хэн нь хэн бэ

Тогосоог сурагласан залуус, Ялалтад дурласан хүүхнүүд хаа сайгүй байдаг шүү. Киноны дүрээр дурлуулж, зохиол, зураг авалт, жүжиглэлтээрээ магтуулж байгаа “Фантастик”-ийн залуус яг одоо гол дүр болчихоод байна. Залуу уран бүтээлчид нэгдэж болдогийг, хэрхэн даацтай уран бүтээл хийж болдогийг харуулж яваа залуустай өнгөц танилцъя.

СТА, найруулагч Б.Тамир: 1986 оны гал бар жилд төрсөн тэрээр өөрийгөө “Би тийм ч эрүүл биш хүн” хэмээн тодотгодог. Нээлттэй шулуухан, бусдыгаа манлайлдаг тэрээр чөлөөт цагаараа охинтойгоо тоглож, хоол хийж, ан гөрөө хийх дуртай гэнэ лээ. Тэр нөхрийн чанарыг зовох үед танигддаг гэж үздэг.

Жүжигчин Ж.Алтаншагай: Тэр Б.Тамиртай ижил бар жилтэй. Тэдний аав нар хамтдаа цэргийн алба хааж байсан гэдэг. Тамираа, Шагай хоёр зүү орох байтугай гэрлийн тусгал ч орох зайгүй найзууд. Шагайгийн хувьд Хэнтийнх. 20-тойдоо 2 ихэр охины аав болсон түүнд амьдрах байргүй байсан үе бий. Халаасандаа 1600 төгрөгтэй Шагай арга хэмжээ хөтлөсөн мөнгөөрөө айлын гэр түрээслэж амьдарч байсан тухайгаа дурссан байдаг. Тэр байтугай айлын хашааны банз хулгайлж түлэх үе байснаа нуудаггүй.

Жүжигчин Э.Алдар: Бөөрөнхий Алдарааг тураасан ганц хүн нь найруулагч Б.Тамир. “Чи үеийн үед дэлгэцээр тарган гарах уу” гэж хэлээд турах даалгавар өгсөн гэдэг. Улмаар хоолоо хасч, гүйсээр Э.Тамир 20 кг турж байсан түүх түүнийх. Э.Алдар бага нас, өсвөр насаа Киевт өнгөрүүлсэн төдийгүй дипломатч болох мөрөөдөлтэй байжээ. Гэвч түүний эцсийн сонголт СУИС байсан. Тэрээр хэр баргийн зүйлд уурладаггүй, байнга инээмсэглэж явдаг. Саяхнаас хувийн амьдралдаа өөрчлөлт хийж, Хулан хэмээх бүсгүйтэй хамтран амьдарч эхэлсэн.

Жүжигчин М.Баярбат: Жүжигчин М.Баярбат олон жил ганц бие аав байсан ч, саяхнаас гэргийтэй болсон. Түүний тоглосон Ялалтын дүр хүүхнүүдийг ёстой хуйлруулаад буй. Хэзээ нэгэн цагт оскар атгах хүсэлтэй тэрээр Англи хэлийг шургуу сурч байгаа гэсэн шүү. Гар бөмбөгийг хашраадаг тэрээр айлын отгон хүү.

Жүжигчин Э.Одбаяр: Дархан нутгийн унаган хүү тэрээр архи уугаагүй 7 жил болж байгаа гэсэн шүү. Хонь жилтэй, загасны ордонд төрсөн тэрээр уран бүтээлийн ажилгүй л бол бүх цаг заваа гэр бүлдээ зориулдаг сайн аав, сайн хань гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Эхнэртэй болохоосоо өмнө ээжтэйгээ байнга болздог байжээ. Нээрэн тийм нуруугаа маажуулах дуртай тэрээр хувьдаа ресторантай “бүдүүн босс”.

Жүжигчин Б.Барслхагва: 40-н мянгатын унаган хүүхэд тэрээр бас л 1986 оных. Түүнийг фен охид нь ганц бие гэж боддог. Уучлаарай тэр эхнэртэй, бас хүүхэдтэй. Зуурдын хүмүүс байсан ч үүрдийнх нь ганц хэмээн эхнэрээ тунхагладаг.

Жүжигчин Б.Ганчулуун: Мань эр өмнө нь туслах дүрүүдэд тун амжилттай тоглодог байсан бол энэ удаад 37-р точкын залуусын хамгийн хөгжилтэй “хөөрхөн” дүрийг гарамгай гаргасан.

“Бөөрөнхий шар” хочтой тэрээр сүнстэй инээдмийн киноны найруулагчаар ажилласан юм билээ. 1987 оны туулай жилтэй Б.Ганчулуун эхнэр, 2 хүүхэдтэй.

Залуу жүжигчин Р.Отгонбаяр: Зарим бүсгүйчүүд Тогосоогийн оронд би байсан ч болоосой хэмээн халагдаж харагдана лээ. Хайр дурлалдаа шатаж буй залуугийн дүр шийдэмгий, үнэнч байдал нь үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Харин амьдрал дээр гүн дурласан бүсгүй нь Гэрэлээ гэдэг жүжигчин бүсгүй байдаг.

“Фантастик”  продакшны  арын албанд 10 орчим жил зүтгэсэн тэрээр Б.Тамирын нүдэнд нэг л өдөр өртөж, дүрээ авсан бололтой. Ямартаа ч, үзэгчдээс онц үнэлгээ авч, карьераа тун чиг амжилттай эхлүүллээ.