Сурагчдад 13 телевизээр дамжуулан хичээл заана

Нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт их, коронавирусийн халдвар гарах эрсдэл өндөр байгаа зэргээс шалтгаалан хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл сургалтын хөтөлбөрт тохирсон агуулгаар цахим болон теле хичээл бэлтгэн хүргэхийг Засгийн газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Энэ дагуу сурагчдад хоёрдугаар сарын 3-наас эхлэн телевизээр хичээл заахаар болжээ. Тухайлбал,  нэгдүгээр ангийнханд зориулсан цахим хичээлийг 25 дугаар суваг телевизээр, хоёрдугаар ангийн хичээлийг С1 телевизээр гэх мэтчилэн хувиарлаж, 1-12 ангийн сурагчид болон цэцэрлэгийн насныханд зориулсан цахим хичээлийг 13 телевизээр дамжуулан хүргэх юм байна.

БСШУСЯ-наас гаргасан теле хичээлийн хуваарь:

  • Цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий телевизийн нэвтрүүлэг өдөр бүр явуулна.
  • Бага ангид 7 төрлийн 1540 минутын хичээл /нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2 хичээл ногдоно/
  • Дунд ангид 15 төрлийн 2440 минутын хичээл /нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2-3 хичээл ногдоно/
  • Ахлах ангид 14 төрлийн 2300 минутын хичээл /нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 112 удаагийн хичээл, өдөрт 10-11 цаг, анги тус бүрт 3-4 хичээл ногдоно.