БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн мэдээгээр тус улсад Монгол Улсын 60,989 иргэн оршин сууж байна. Тэдний 23.1 хувь буюу 14,078 иргэн визийн хугацаа хэтрүүлсэн болон бичиг баримтын зөрчилтэй байгаа аж.
БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн 26,874 нь эрэгтэй, 34,115 нь эмэгтэй байна.
Визийн ангиллаар авч үзвэл, богино хугацааны аялал, жуулчлалын C-3 визтэй 16,443, оюутны D-2 визтэй 14,213, хэлний бэлтгэлийн D-4 визтэй 5,532, ажил хайгчийн D-10 визтэй 2,321, гэр бүлийн дагалдан F-3 визтэй 4,803, мэргэжлийн бус ажиллах хүчний E-9 визтэй 3,751 иргэн тус улсад оршин сууж байна.
Харин зургаадугаар сарын 30-ны байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй 14,078 Монгол иргэн байгаа нь нийт оршин суугчдын 23.1 хувийг эзэлжээ. Үүнээс C-3 визтэй иргэд хамгийн олон буюу 9,283 (65.9 хувь) байгаа бол E-9 визтэй 1,352 (9.6 хувь), D-2 визтэй 745 (5.3 хувь), D-4 визтэй 640 (4.5 хувь), G-1 визтэй 445 (3.1 хувь) иргэн байна.
Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 91,622 Монгол иргэн БНСУ-д зорчсон нь өнгөрсөн оны мөн үеийн 87,075 хүнтэй харьцуулахад 5.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Зөвхөн 2026 оны зургаадугаар сард 17,727 Монгол иргэн БНСУ-д зорчсоноос 14,643 нь C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визээр, 312 нь D-2, 551 нь D-4, 150 нь D-10, 107 нь E-9 визээр, 760 нь B-2 дамжин өнгөрөх визээр зорчсон байна.
Иймд БНСУ-д зорчих болон оршин суугаа Монгол Улсын иргэдийг визийн хугацаагаа хэтрүүлэхгүй байх, тус улсын хууль тогтоомжийг мөрдөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, оршин суугаа орны ёс заншлыг хүндэтгэн, хариуцлагатай зорчихыг холбогдох байгууллагаас зөвлөжээ.
Эх сурвалж: БНСУ-д суугаа элчин сайдын яам
