Сүхбаатар боомтоор хоёр хоногт 3,824 тонн АИ-92 автобензин импортолжээ

ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор 2026 оны долоодугаар сарын 31 болон наймдугаар сарын 1-ний өдрүүдэд нийт 63 вагон буюу 3,824 тонн АИ-92 автобензин импортоор орж ирсэн байна. Энэ нь Монгол Улсын ердийн хоёр өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний нийлүүлэлт гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

Тодруулбал, долоодугаар сарын 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн, наймдугаар сарын 1-ний өдөр 22 вагон буюу 1,364 тонн АИ-92 автобензин тус тус улсын хилээр нэвтэрчээ.

Импортоор орж ирсэн шатахууныг Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг буух өртөөнүүдэд тээвэрлэн хүргэж, агуулахад буулгасны дараа нийслэл болон орон нутгийн шатахуун түгээх станцуудад тасралтгүй нийлүүлж байгаа аж.

Мөн өнөөдөр буюу наймдугаар сарын 2-ны өдөр 34 вагон буюу 2,100 тонн АИ-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Рашаант өртөөний агуулахуудад буулгах ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, Гаалийн байгууллага болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран шуурхай зохион байгуулж байна.

Холбогдох байгууллагуудын мэдээлснээр, Сүхбаатар боомтоор орж ирж буй шатахууныг буух өртөөнүүдэд хүргэх, агуулахад буулгах, улмаар шатахуун түгээх станцууд руу тээвэрлэх ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, Гаалийн байгууллага, төрийн холбогдох байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд 24 цагаар тасралтгүй зохион байгуулж, шатахууны хангамжийг хэвийн байлгах чиглэлээр ажиллаж байна.