АНУ-ын визийн 20000 долларын барьцаа хэрэгжиж эхэллээ

АНУ-ын Төрийн департамент өнөөдрөөс /2026.08.03/эхлэн бизнес болон аялал жуулчлалын B-1, B-2 ангиллын виз мэдүүлэгчдэд визийн барьцаа шаардах шинэ журмыг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү шинэ журамд Монгол Улс багтжээ.

Шинэ журмын дагуу консулын ажилтан шаардлагатай гэж үзвэл виз мэдүүлэгчээс 20 мянган ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулахыг виз олгох нөхцөл болгон шаардах боломжтой болжээ.

Харин виз эзэмшигч АНУ-д зөвшөөрөгдсөн хугацаандаа оршин сууж, хугацаандаа эх орондоо буцсан, эсвэл АНУ-д нэвтрэх хүсэлтийг нь татгалзсан тохиолдолд байршуулсан барьцааг бүрэн буцаан олгох юм.

Шинэ журам нь Монголоос гадна Гүрж, Киргиз, Тажикистан, Туркменистан, Алжир, Ангол, Бангладеш, Камбож, Балба, Тунис, Уганда, Венесуэл зэрэг нийт 50 улсын иргэдэд хамаарах аж. Харин ОХУ уг жагсаалтад ороогүй байна. АНУ-ын Төрийн департаментын тайлбарласнаар, эдгээр улсын иргэдийн дунд визийн нөхцөл зөрчиж, зөвшөөрөгдсөн хугацаанаас илүү хугацаагаар оршин суух тохиолдол харьцангуй өндөр байдаг тул энэхүү арга хэмжээг авч байгаа юм.

Тухайлбал, 2023 онд Монгол Улсаас АНУ руу зорчсон 10 мянга 600 иргэнээс 400 хүн буюу 3.77 хувь нь визийн хугацаагаа хэтрүүлжээ. Харин 2024 онд нийт 13 мянга 595 иргэн зорчсоноос 371 хүн буюу 2.73 хувь нь хугацаа хэтрүүлсэн үзүүлэлттэй байгаа нь АНУ-ын Хил, гаалийн хамгаалалтын агентлагийн мэдээллээр тогтоогдсон байна.