Ардчилсан намын 4:11 хэвлэлийн бага хурлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, АН-ын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар Оюутолгойн иргэдэд хүрэх ёстой ногдол ашгийн талаар мэдээлэл хийлээ.

Г.Лхагвадорж, Оюутолгойн ногдол ашиг хуулийн дагуу Хуримтлалын сангаар дамжин иргэдийн нэрийн дансанд очих ёстой.
Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийг юунд зарцуулах вэ? гэж И-Монголиа-д иргэдээс санал авч байгаа. Гэвч уг мөнгийг 2027 оны төсөвт ОТ гэсэн кодтойгоор суулгаж, хөрөнгө оруулалтад зарцуулахаар тусгаад байна. АН-ын бүлэг ногдол ашгийг хуулийн дагуу зарцуулах ёстой гэсэн байр суурьтай байна.
Б.Түвшин, Ирэх онд Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг нэгдүгээрт ногдол ашиг мөн үү? Хэрэв ногдол ашиг юм бол 66 хувийг эзэмшигч тал нь 6 их наяд төгрөг авах уу? ТУЗ болон гүйцэтгэх удирдлагууд нь шийдвэрээ гаргасан уу? Санхүүгийн тайлан бүртгэлдээ ногдол ашиг гэж бүртгэж, тайлагнасан уу? гэх мэт олон шалгуур бий. Эндээс харахад одоогоор ногдол ашиг мөн эсэх нь тодорхойгүй байгаа учир үүнийг нэгдүгээрт тодорхой болгох ёстой.
2-рт, Орж ирээгүй мөнгийг хуваах биш, орж ирсэн тохиолдолд Баялгийн санд байх ёстой. Орж ирсний дараа хуваарилалтын асуудал яригдана.
Манай намаас энэ мөнгө орж ирвэл хэрхэн хуваарилах талаар олон санаачилга гарч байгаагийн нэг нь Л.Гантөмөр гишүүн ногдол ашгийг ард иргэддээ хуваах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Засгийн газраас өргөн барьсан төсөв тэсрэх бөмбөг шиг болжээ. Хэзээ, хаана дэлбэрэх нь тодорхойгүй ч үүний хохирлыг ард иргэд үүрнэ. Өнөөдөр Монгол Улсын иргэдийн 70 орчим хувь нь зөвхөн орлогоороо амьдрах боломжгүй нөхцөлд хүрчээ. Ийм үед үнийн өсөлт, амьжиргааны доройтолд өртөж буй иргэдээ хамгаалахын тулд Засгийн газар, УИХ ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуултад зайлшгүй хариулт өгөх шаардлагатай байна.
Үнийн өсөлт зөвхөн Монгол Улсад бус, дэлхий даяар тулгамдаж буй асуудал. Ялангуяа түлш, шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй үнийн дарамтыг бууруулахын тулд улс орнууд иргэддээ чиглэсэн бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал, Японы Засгийн газар хүнсний бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэх арга хэмжээ авсан бол АНУ-ын Ерөнхийлөгч иргэн бүрд 5000 ам.доллар олгох тухай мэдэгдсэн байна. Улс орон бүр иргэдийнхээ амьжиргааг хамгаалж, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам эрэлхийлж байна. Тиймээс би УИХ-ын гишүүний хувьд Оюутолгойн ногдол ашиг болон хувьцааг ард иргэдэд өгөх хоёр тогтоол санаачилсан. D parliament сайт дээр байршуулсан тогтоолыг иргэд дэмжээд саналаа өгөх гэхээр алдаа зааж, хакерт өртөж байна. Энэ асуудлаар би холбогдох байгууллагуудад хандана. Монголчуудыг ядуу байлгах МАН-ын бодлого асар хүчтэй юм байна гэдэг нь үүнээс харагдаж байна.
Тиймээс Оюутолгойгоос 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг авч мөнгөө иргэдэд зарцуулах хэрэгтэй. Монголчуудын амьжиргааг ямар нэгэн хэлбэрээр баталгаажуулахгүй бол цаашаа байдал улам хүндэрнэ. Тиймээс Монгол Улсын парламент нэг зүг рүү харж, ногдол ашгаар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэдгийг зогсоох хэрэгтэй. Дайн дажинтай байгаа хойд хөршийн төсвийн алдагдал нь энх тайван байгаа Монгол Улсын төсвийн алдагдалтай яг адилхан байна. Ерөнхий сайд болон Засгийн газрын зүгээс бодит нөхцөл байдалтай нүүр тулж, үнийн өсөлтийн дарамтад орсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шуурхай, үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай” гэв.