Хонконгоос ирсэн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Өвөрхангай аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан талаар дөнгөж сая ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал, тэрбээр коронавирусийн халдвар аваагүй болох нь тогтоогдсон байна.

Тус иргэн нь өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч Шилийн гол аймгаас ирсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд халуураад, ханиалгаад байна хэмээн хандсан байдаг. Тиймээс тус иргэнийг сэжигтэй тохиолдолд тооцон тусгаарлаж, Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрөлжсөн зах, томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг өнөөдөр /2020.02.09/-өөс түр хугацаанд зогсоохоор шийдвэрлэээд байсан билээ. Тэгвэл тус аймагт тусгаарлагдаад байсан иргэний хариу ийнхүү гарчээ.

Мөн Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 2600-гаар нэмэгдэж, 37251 тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчлөлийн тархалт нэг өдөрт 2500-2800 тохиолдлоор нэмэгдэж байна.  Шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилж байна. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард гараад Хонконг, Вьетнамаар аялж, өчигдөр онгоцоор ирсэн 29 настай иргэн байна. Энэ хүн халуурах, бие арзайх шинж тэмдэгтэй байсан учраас ХӨСҮТ-д тусгаарласан” гэв.