Гурвалжингийн гүүрийг маргааш хаана

Энэ сарын 22-27-нд Гурвалжингийн гүүрийг тав хоног засварлахтай холбоотойгоор хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана. Тус гүүр нь 1989 онд ашиглалтад орсон 108 метр урттай, 28.5 метрийн өргөнтэй төмөр бетон. Ээлжит засварыг 2007 онд хийсэн. Өнөөгийн байдлаар гүүрний хоёр хэсэгт хэв гажилт үүссэн, эвдрэл ихтэй хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.

Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах талаар Тээврийн цагдаагийн албанаас “Дөрөвдүгээр сарын 22-ны 22:00 цагаас 27-ны 06:00 цаг хүртэл Гурвалжингийн гүүрийг засварлахтай холбогдуулан хөдөлгөөнийг түр хугацаагаар өөрчлөн зохион байгуулна. Ингэхдээ нэг урсгалд эсрэг хөдөлгөөнөөр зохион байгуулах тул иргэд хөдөлгөөн зохицуулагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг хүсэж байна. Гурвалжингийн гүүр нь эвдрэл ихтэй, томоохон нүхнүүд үүссэн байдгаас хөдөлгөөний эрчим сулрах, замын зохиомол түгжрэл үүсэх гэх мэт асуудал гардаг. Засварын хугацаанд тухайн орчимд хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул иргэд, жолооч та бүхэн аль болох тухайн замаар зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг хүсэж байна” гэв.