Д.Нямхүү: Халдвар нэмж бүртгэгдээгүй

Манай улсад нийт 98 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Туркийн Испанбул хотоос өчигдөр тусгай үүргийн онгоцоор 179 иргэн ирсэн. Мөн  Алтанбулагийн боомтоор ОХУ-аас 200 гаруй иргэн ирснийг Дархан-Уул, Батсүмбэрийн амралт сувилалд байрлуулжээ. Ингээд нийт 402 хүн ажиглалтад нэмэгдэж өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд тусгаарлалтын байранд 1619 хүн байна. Харин  хилийн чанадад байгаа 32 монгол иргэн COVID-19 халдвар авснаас 15 нь эдгэрч ажилдаа орсон бол үлдсэн нь гэрийн тусгаарлалтад байгаа аж.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ээс өнөөдөр таван хүн эмчлэгдэж дараагийн шатны хяналтад шилжиж байна. Ийнхүү нийт 20 хүнийг эмчиллээ. Таван хүний дөрөв нь 20-21 насны оюутан, нэг нь 55 настай эмэгтэй. Эмчилгээ хийлгэсэн дэд хоног нь 55 бол дунджаар 25-30 хоног эмчлэгдээд эдгэрч гарч байна. Монгол Улсад 98 хүн халдвар авснаас 20 хүн эдгэрч гарч бидний хяналтад өнөөдөр 78 хэвтэн эмчлүүлж байгаа бол хяналтад ХӨСҮТ-д 171 хүн байна. Тавдугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт хүнд 381 шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй” гэж мэдээллээ.

Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд COVID-19 халдварын тохиолдол нэмэгдээгүй байна.