E-POLICE аппликэйшн ашиглан зөрчлийг мэдээлснээр олон хүнийг эрсдэлээс хамгаална

E-POLICE гар утасны аппликэйшнийг нэвтрүүлээд гурван жил гаруйн хугацаа өнгөрч байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оны есдүгээр сарын 1-нээс уг аппликэйшнийг ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд  120 мянга гаруй хэрэглэгч  гар утсандаа татан ашиглаж байна. Тус аппликэйшний үр дүн хийгээд иргэд  хэрхэн ашиглах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Сайханаас тодрууллаа.

-E-POLICE гар утасны аппликэйшнийг ашиглах болсны учир юу вэ. Уг аппликэйшнийг нэвтрүүлсний үр дүн гарч байна уу?

-Хөдөлгөөнд оролцогч зарим жолооч урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэл зөрчих, уулзвар, гарц хаах, явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саад учруулж, зохиомол түгжрэл үүсгэдэг. Энэ нь хөдөлгөөний хэт их ачаалал үүсэх голлох шалтгааны нэг болж байна. Зам дээр хөдөлгөөн зохицуулж буй нэг цагдаагийн алба хаагчид 1500 тээврийн хэрэгсэл ногдож байдаг. Ачаалал маш өндөр. Тиймээс хөдөлгөөний аюулгүй байдал, соёлтой зорчиход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс E-POLICE гар утасны аппликэйшнийг нэвтрүүлсэн. Дэлхийн олон оронд ийм жишиг бий. Уг аппликэйшнийг нийтэд нэвтрүүлсний ачаар зөвхөн энэ онд  79.198 зөрчлийн мэдээлэл ирж, хариуцлага тооцсон гэхээр үр дүн мэдээж өндөр.

-Иргэд уг аппликэйшнийг гар утсандаа суулгаснаар зөрчлийг хэрхэн мэдээлэх вэ?

-Иргэд ухаалаг гар утасныхаа “Playstore”, “Appstore”-оос E-POLICE аппликэйшнээ үнэ төлбөргүй татан авч, суулгах боломжтой. Ингээд авто зам дээр болон гудамж талбайд бусдын хөдөлгөөнд саад учруулж буй зөрчил гарвал, таны ажиллаж, амьдарч байгаа орчны аюулгүй, амгалан тайван байдлыг алдагдуулбал, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил илэрвэл мэдээллийг E-POLICE аппликэйшн ашиглан илгээнэ гэсэн үг. Зөрчлийг баримтжуулан илгээснээр олон иргэнийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм. Мөн холбогдох байгууллагууд тухайн зөрчилд хариуцлага тооцсоноор зөрчил дахин давтагдахгүй байх, хотын соёлыг нэвтрүүлэх, эрүүл, аюулгүй орчинд тав тухтай ажиллаж, амьдрах үндэс суурь болно гэдгийг онцлон хэлмээр байна.

-Өмнө жилүүдэд цар тахлын улмаас хөл хорио тогтоосон учир замын хөдөлгөөний зөрчил, гэмт хэрэг харьцангуй цөөн байсан байх. Харин энэ жилийн хувьд замын хөдөлгөөний зөрчил хэр байна вэ?

-2020 онд нийтдээ 19 мянга гаруй тээврийн хэрэгслийн хэрэг зөрчил бүртгэгдсэн байдаг. Энэ нь цар тахлын улмаас тогтоосон хөл хориотой холбоотой. Харин 2021 онд 30 мянга гаруй тээврийн хэрэгслийн зөрчил илрүүлсэн.

-E-POLICE аппликэйшн ашигласнаар илрүүлж буй зөрчлийн тоо хэрхэн нэмэгдсэн бэ?

-Илрүүлж байгаа зөрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. 2018 онд 2074, 2019 онд 19.560, 2020 онд 16.878, 2021 онд 31.513 зөрчлийн мэдээлэл тус тус бүртгэгдсэн.

-Иргэд илгээсэн зөрчилд нь хариуцлага тооцож буй эсэхэд эргэлзэж болох юм. Тэгвэл энэ талаар хаанаас мэдээлэл авч болох вэ?

-Иргэдийн илгээсэн мэдээллийн дагуу ямар арга хэмжээ авсан талаар мэдэхийг хүсвэл Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Зөрчил бүртгэлийн хэлтэст хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Мөн 7011-1618 тоот утсанд хандаж тухайн зөрчлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС