МАН-ын нэр хүндэд халдсан гэх шүүх хурал хойшилжээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11.30 цагт эхлэхээр товлосон ч шүүх хурлыг хойшлуулжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн үзэж шүүхэд хандсан юм.

Шүүгдэгч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх 2022 оны долоодугаар сарын 08-ны өдөр хүлээн авч мөн оны наймдугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан боловч хохирогчийн өмгөөлөгч Э.Туулаас “…Ковид-19 өвчний халдвар авч эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг мөн улсын яллагчаас “…Шүүх хуралдаанд хохирогч Монгол Ардын намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах…” тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авчээ.

Иймд И.Мөнхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны наймдугаар сарын 17-ны 11.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.